Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2022 оны нэгдсэн зөвлөгөөнийг энэ долоо хоногт Улаанбаатар хотод зохион байгууллаа. Зөвлөгөөнд УЕПГ-ын төв, орон нутгийн Прокурорын нэгжийн 60 орчим удирдах ажилтан оролцсоноос гадна хяналтын прокуроруудад цахимаар шууд дамжуулан хүргэсэн юм. Энэ үеэр 2021 онд хийсэн ажил, хүрсэн үр дүн, цаашид баримтлах бодлого, чиглэл, авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ болон өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган”-аас гарсан санал дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн байна. Эл зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АТГ, ХЭҮК, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ, ШШҮХ-гийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцон мэдээлэл хийсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийг нэг мөр хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон аж. Зөвлөгөөний төгсгөлд Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан прокурор, ажилтнуудад үүрэг даалгавар өгч, сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, мэргэжлийн алдаа гаргахгүй байх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарч ажиллахыг онцлон тэмдэглэжээ.
Байгууллагын үйл ажиллагааг их өгөгдөлд суурилсан бодлогын инновацаар удирдах, хүний эрх, эрх чөлөө, нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, үйл ажиллагаагаа иргэдэд ил тод нээлттэй, хялбар болгох зэрэг зорилтыг прокурорын байгууллага энэ онд тавьж буй аж.
Бэлтгэсэн Г.Цолмон