БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид телевизийн мэтгэлцээний явцад эдийн засгийн асуудлаар, тухайлбал, цар тахлын үеийн тусламжийн бодлогын талаар санал нийлээгүй тухай NHK телевиз мэдээллээ. Ирэх сарын 9-нд болох сонгуулийн өмнө товлосон телевизийн гурван мэтгэлцээний эхнийхэд дөрвөн нэр дэвшигч оролцлоо. Сүүлийн үед Өмнөд Солонгост өдөрт коронавирусийн халдварын 100 мянга орчим тохиолдол бүртгэгдэж байна. Эрх баригч Ардчилсан намын И Жэ Мён “Цар тахлын улмаас ресторан болон бусад жижиг бизнес эрхлэгчид учирсан хохирлыг Засгийн газар арилгах үүрэгтэй” гэв. Эдгээр компанийн алдагдлыг бүрэн нөхөхөөр төлөвлөж байгаагаа тэрбээр хэлжээ. Түүний гол өрсөлдөгч болох “Ард түмний хүч” намын Юн Сок Ёль ийм компаниудад аль болох хурдан тусламж үзүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ нөхөн олговрын төлөвлөгөөний санхүүгийн бүрэн бүтэн байдлыг Засгийн газар хангах ёстой гэж тэрбээр үзжээ. Сонгууль болохоос хоёр долоо хоногийн өмнө олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар сөрөг хүчний хамгийн том “Ард түмний хүч” намаас нэр дэвшигч Юн Сок Ёль 42.9 хувийн санал авсан байна. Тэгвэл эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён 38.7 хувийн дэмжлэг авчээ. БНСУ-ын “Realmeter” байгууллагын нийтэлсэн санал асуулгын дүнгээс үзвэл Юн Сок Ёлийн авсан санал өмнөх судалгааны дүнгээс 1.3 хувиар өсөж, И Жэ Мёнийх 0.4 хувиар буурсан байна.