ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Төрийн тэргүүн Жозеф Байден нарт Францын удирдагч Эмманюэль Макрон дээд хэмжээний уулзалт хийх санал тавьсныг Елисейн ордноос мэдээллээ. Талууд уг саналыг хүлээн авчээ. Гэхдээ ОХУ Украинд халдаагүй тохиолдолд дээд хэмжээний уулзалт болно. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар тус арга хэмжээнд бэлтгэх гэнэ. Э.Макрон Орос, Америкийн удирдагчдаас гадна Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц, Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нартай утсаар ярьжээ.
ЦЭРГИЙН ХАМТАРСАН СУРГУУЛИЛАЛТУУД БОЛЖ БАЙНА
Америкийн цэргийнхэн Польшийн зүүн өмнөд нутагт тус улсын армийнхантай хамтарсан сургуулилалт хийж байна. Польшийн Батлан хамгаалахын сайд Мариуш Блащакийн мэдээлснээр эл сургуулилалт НАТО-гийн зүүн жигүүрийн аюулгүй байдлыг шат дараатай чангатгахад чиглэжээ. Үүнд Польшийн механикжсан 18, АНУ-ын агаарын десантын 82 дугаар дивизийн цэргүүд оролцож байна.
АНУ-ын цэргийн эхний хэсэг энэ сарын 5-нд Польшид ирсэн. Тэд Польш дахь АНУ-ын армид дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Америкийн нийт 1700 цэрэг Польшид шилжин байрлажээ. Мөн Румын, Герман руу АНУ-ын цэргийн ангиудыг нэмж илгээсэн байна. Тэрчлэн 8.5 мянган цэргийн алба хаагчийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ. Донбассын нөхцөл байдал хурцдаж байгаатай холбогдуулан Польш улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ээлжит бус хурлыг зохион байгуулахыг хүссэн аж. Үүний сацуу Холбооны улсын гадаад хилийн ойролцоо цэргийн ажиллагаа идэвхжиж, Донбассын нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан Беларусь, Оросын хамтарсан сургуулилалтыг сунгахаар Беларусийн Батлан хамгаалахын сайд Виктор Хренин шийдвэрлэв. Сургуулилалт дууссаны дараа Оросын цэргүүд нутаг буцна гэж Беларусийн эрх баригчид урьд нь мэдэгдэж байсан бол одоо халдлагад хариу арга хэмжээ авахад бэлэн байдлаа шалгана хэмээжээ.
Оросын арми Украинд довтлохоор бэлтгэж байгаа бөгөөд үүнд Беларусийн нутаг дэвсгэрийг ашиглаж болзошгүй гэж Өрнөдийн улстөрчид үзэж байна. АНУ-ын Засгийн газрын мэдээлснээр Украины хилийн ойролцоо 169-190 мянган цэрэг татсан бөгөөд үүнд Донецк, Луганскийн зэвсэгт дэмжигчид ч багтсан гэнэ.
Украины эсрэг цэргийн ажиллагаа явуулж болзошгүй тухай мэдээллийг Москва удаа дараа няцаасан ч ажиглагчдын мэдээллээс үзвэл Украины хил дээрх Оросын анги, нэгтгэлийн тоо нэмэгдсээр байгаа аж. ОХУ-ын цэргийн томоохон сургуулилалт нь Донбассын байдал эрс хурцадсантай давхцаж таарчээ.
ДОНЕЦКИЙН 700 МЯНГА ОРЧИМ
ОРШИН СУУГЧИЙГ НҮҮЛГЭХ НЬ
Украины зүүн хэсгийн байдал өнгөрсөн долоо хоногийн эцсээр хурцадсан. Украины арми өдөөн хатгалга үйлдэж байгаа тухай Донбасс, Луганскийн эрх баригчид мэдэгдсэнийг Киев үгүйсгэсээр буй. Байдал хурцадсантай холбогдуулан өөрийгөө зарлан тунхагласан тус хоёр улсын эрх баригчид оршин суугчдаа Орос руу нүүлгэн шилжүүлж эхэлсний сацуу бүх нийтийн цэргийн дайчилгааг зарлажээ. Юуны түрүүнд, өндөр настан, хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ОХУ-ын Ростов муж руу нүүлгэж байна. Одоогийн байдлаар 60 орчим мянган дүрвэгчийг тус мужид хүргэжээ. Үүнээс гадна 5000 орчим хүн галт тэргээр Белгородск, Брянск, Воронеж, Курск мужийг зорьсон гэнэ. Дүрвэгсдийг автобус машинаар тээвэрлэж байгаа аж. Зөвхөн Донецкоос 700 мянга орчим оршин суугчийг ОХУ руу нүүлгэн шилжүүлэхээр эрх баригчид нь төлөвлөжээ.