Вьетнамын эрх баригчид ирэх сарын 15-наас гадаадын жуулчдад хилээ нээхээр болжээ. Тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын, Эрүүл мэндийн, Гадаад хэргийн, Тээврийн яамнаас 13 улсын иргэдийг нэг, 88 орон, бүс нутгийнхыг хоёр талын визгүй зорчих дэглэмээ сэргээх санал тавьсан байна. Цар тахлын өмнө ийм дэглэм баримтаж байсан аж. Уг саналыг Вьетнамын Шадар сайд “Ковид-19”-тэй холбоотой аюулгүй байдлын бүхий л арга хэмжээг мөрдөх болзолтойгоор зөвшөөрчээ. Жуулчид дархлаажуулалтад бүрэн хамрагдсан тухай гэрчилгээ, эсвэл өвдөөд эдгэрснийг нотлох баримт бичигтэй байх шаардлагатай. Үүнээс гадна тэд PCR-ын шинжилгээнд хамрагдах аж. Үүний өмнө Ханой цар тахалтай холбоотойгоор олон улсын нислэгт тавьсан хязгаарлалтаа албан ёсоор цуцалжээ. Тус улсын хэмжээнд коронавирусийн өвчлөл нэмэгдэж байгаа ч эрх баригчид нь хилээ урьд нь төлөвлөж байснаас гурван сарын өмнө нээх шийдвэр гаргасан байна. Ингэснээр тус улс нь “Ковид-19”-ийн омикрон хэлбэрийн улмаас өвчлөл эрс нэмэгдсэн ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд, нас барсан тохиолдлын тоо өмнөхтэй харьцуулахад цөөн байгаа Тайланд, Филиппин зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудын жишгийг дагаж буй аж.