Венесуэлийн хууль бус цагаачдын урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан Чилийн эрх баригчид 672 цэргийг хойд хилээ хамгаалахаар илгээхээр болжээ. Чилийн Төрийн тэргүүн Себастьян Пиньера твиттер хуудсаараа дамжуулан “Хил хамгаалагчдын тоог 100 хүртэл нэмэгдүүлсэн. Гэсэн ч зэвсэгт хүчин хил хамгаалах ажилд 672 цэргээ оролцуулна” гэжээ. Цагаачдын хямралын улмаас тус улсын хойд нутгийн дөрвөн мужид Засгийн газраас тогтоосон онц байдал 15 хоног үргэлжлэх бөгөөд сунгаж болзошгүйг тэрбээр мэдэгдэв. Эл арга хэмжээ нь хэв журам сахиулах ажилд цэргийнхэн оролцох боломж олгожээ.
Венесуэлийн зургаан сая иргэн улс төр, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн хямралын улмаас эх орноо орхин гарснаас үүдсэн хүндрэл бэрхшээлүүдтэй Өмнөд Америк тулгарч байн. Хууль ёсны дагуу нэвтэрч, Чилийн хөгжилд хувь нэмрээ оруулах, шинэ амьдрал эхлүүлэхийг хүсэж буй цагаачдыг хүлээн авахад тус улс бэлэн буй аж.
Антофагаста мужид хамт ажилладаг хүнээ хөнөөсөн хэрэг гарсны дараа тус улсын хэд хэдэн хотод ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан, ачааны машины жолооч нарын үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзсан Чилийн эрх баригчид Арика, Паринакота, Тамаругал, Эль-Лое мужид онц байдал зарлах болсныг Дотоод хэргийн сайд Родриго Делгадо нь мэдэгдсэн юм. Венесуэлээс ирсэн хууль бус гурван цагаач уг гэмт хэргийн сэжигтнээр татагдаж, саатуулагджээ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр автобусны жолооч нар зам хааж, улмаар Икике хотын нисэх буудлын үйл ажиллагааг зогсоосон байна.
Боливи, Перугээс Чили рүү хууль бусаар нэвтэрсэн Венесуэлийн цагаачдын тоо 2021 онд эрс нэмэгджээ. Тэд хил нэвтэрснийхээ дараа Чилийн хойд нутгийн томоохон хотуудад ихэвчлэн суурьшдаг. Гэтэл тэдгээр хотын оршин суугчид гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа талаар гомдол мэдүүлж, жагсаал, цуглаан хийж, гудамжинд, майханд амьдардаг цагаачдын эд хөрөнгийг шатаасан хэрэг удаа дараа гарсан гэнэ.