БНАСАУ-д удирдагч агсан Ким Жөн Ирийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан дурсгалын алт, мөнгөн зоос гаргасныг “Yonhap” агентлаг мэдээлэв. Зоосны нүүрэн талд Ким Жөн Ирийн хөргийг, ар талд нь Пэктусан уулан дахь Японы эсрэг партизаны нууц хуарангийн байшинг дүрсэлжээ. Тэнд 1942 онд Ким Жөн Ир мэндэлсэн гэж тус улсын түүхэнд тэмдэглэсэн аж. Тус улсад дээрх ойд зориулсан баярын арга хэмжээнүүд болж байна. Тухайлбал, энэ сарын 14-нд Пёньянд удирдагч агсны ололт амжилтыг хэлэлцсэн бага хурал, хүлээн авалт болсон юм. БНАСАУ өчигдөр тохиосон, Ким Жөн Ирийн мэндэлсний 80 жилийн ой, ирэх дөрөвдүгээр сарын 15-нд тэмдэглэх “мөнхийн Ерөнхийлөгч” Ким Ир Сений мэндэлсний 110 жилийн ойд зориулан цэргийн ёслолын жагсаал зохион байгуулна хэмээн Өмнөд Солонгосын эрх баригчид урьд нь мэдээлж байв. Жагсаалын үеэр тив хоорондын баллистик пуужингийн шинэ загвараа үзүүлж магадгүй аж.