Украин Беларусьтай залгаа хилийнхээ ойролцоох цэргийн хүчээ зузаатгаж байна. Беларусь, ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан сургуулилалт хийх саналыг хэлэлцсэн уулзалтын үеэр Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко энэ тухай мэдэгдсэнийг БелТА агентлаг уламжлав.
Түүний хэлснээр цэрэг татах ажиллагаагаа Украин цагаачидтай тэмцэх нэрийн дор явуулж буй аж. “Цагаачид Украин руу явахгүй. Украины ард түмэн эх орноосоо зугтаж байна” гэж А.Лукашенко тэмдэглэв. Беларусийн хилийн ойролцоо Украин “Полесье” тусгай ажиллагаа явуулж, тус бүс нутаг дахь цэргийнхээ тоог 10 мянга хүргэжээ.
Үүний сацуу Польш болон Балтын тэнгисийн орнууд Беларусьтай залгаа хил дээрээ 30 мянга гаруй цэрэг төвлөрүүлсэн байна.
Нөгөөтээгүүр, Канадын БХЯ Орос, Украины хилийн байдал хурцдах эрсдэлтэй холбоотойгоор тусгай хүчний отрядаа Украин руу илгээжээ. Тэд тус хоёр улсын хилийн байдал хурцадсан тохиолдолд Канадын дипломат ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулахад туслах ёстой гэнэ. Канадын Зэвсэгт хүчин 2015 оноос хойш “Unifier” ажиллагааны хүрээнд Львов муж дахь Яворовын цэргийн хээрийн сургуулийн талбайд Украины цэрэг, офицеруудыг сургаж байгаа юм. Үүнд Канадын 200 орчим цэрэг багтдаг. 2019 оны гуравдугаар сард Канадын Засгийн газар Украинд явуулж буй ажиллагаагаа 2022 оны хавар хүртэл сунгасан билээ.
Сүүлийн үед Өрнөдийн орнууд болон Киев ОХУ-ыг Украинд халдаж болзошгүй тухай мэдэгдэх болсон. Үүнийг үндэслэлгүй мэдээлэл болохыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.