Коронавирусийн халдвар авсан зорчигчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан АНУ-аас хийх хэд хэдэн нислэгээ Хятад улс цуцлах шийдвэр гаргасныг Ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргаа буруушаав. “Хятадын үйлдэл АНУ, Хятад хоорондын агаарын тээврийн тухай гэрээнд нийцэхгүй байна” гэж Америкийн Тээврийн яамны ажилтан мэдэгдсэнийг “Reuters” агентлаг уламжиллаа.
АНУ-аас ирэх зургаан нислэгийг БНХАУ лхагва гарагт цуцалжээ. Тийнхүү энэ онд АНУ-аас Хятад руу хийх байсан ч цуцлагдсан нислэгийн тоо 70 болсон байна. Үүнээс өмнө ч тус хоёр улс хоорондын нислэгийн тоо мэдэгдэхүйц буурсныг “Reuters” онцолжээ.