Идэр ес эхэлж жавар тачигнасан тэсгим хүйтэн, цаг дор гурван уулчин бүсгүй өвлийн анхны авиралтыг Мөнх цаст Алтай Таван богд руу амжилттай хийгээд ирсэн. Тэдний нэг гишүүн уулын спортын олон улсын хэмжээний мастер Д.Эрдэнэтогтохтой ярилцлаа.
Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн
-Юуны өмнө Мөнхцаст Алтай Таван богд уулын ноён оргилд амжилттай гарсанд тань баяр хүргэе. Та өмнө нь тус оргил руу гарч байв уу?
-Мөнх цаст Алтай Таван богдын хүйтэн оргил нь Монголын хамгийн өндөр 4374 метр уул гэдгийг хүн бүр мэдэх байх. Миний хувьд өмнө нь дулааны улиралд буюу зуны авиралтыг тус оргил руу 2-3 удаа хийж байсан удаатай. Энэ удаагийн өвлийн авиралтыг Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Гангаамаа, спортын мастер Ч.Ариунзул нартай амжилттай хийгээд ирлээ. Уулын спорт сонирхогчдын эмэгтэйчүүдийн багаар өвлийн авиралт хийсэн анхны тохиолдол юм. Тэдний нэг болсонд үнэхээр баяртай байна. Өмнө нь нэг эрэгтэй уулчин тус оргилд өвлийн авиралт хийсэн түүх бий. Энэ хүн бол олон улсын хэмжээний мастер Ж.Бямбасүрэн юм.
-Таны хувьд энэ удаагийн авиралт хэд дэх нь вэ?
-Гадаад, дотоодын авиралт нийлээд 60 гаруй болж байна. Дахин онцлоход, өвлийн улирлын авиралт анх удаагийнх. Өмнө нь дулааны улиралд тус уул руу авирч байсан. Өөрөөр хэлбэл, өвлийн авиралт хэцүү болохоор хүн бүр тэр болгон зориглоод авираад байдаггүй. Гадны орнуудад мэр сэр хүйтний авиралт хийдэг. Түгээмэл биш.
-Тэгэхээр улирлаас хамаараад авиралт болгон өөрийн онцлогтой гэсэн үг үү ?
-Мэдээж тийм. Уул руу авирахад улирлаас хамаараад өмсөх хувцас, хэрэглэх багаж, хэрэглэгдэхүүн өөр. Мөн сэтгэл санааны хувьд ч харилцан адилгүй. Зуны улиралд ууланд авиралт хийх нь эрсдэл багатай, сэтгэл санаа хувьд ч тайван, тогтуун байдаг. Өөрөөр хэлбэл, зуны улиралд уулын бэлээсээ эхлээд ургамал ногоо, олон төрлийн цэцэгс хараад сэтгэл сэргэнэ. Дээшээ өндөрсөх тусам мөнх цастай уулууд хүйтэн л дээ. Гэхдээ өвлийн улирлынх шиг тэсгим хүйтэн биш.
Өвлийн өдөр богино, дээрээс нь халтиргаа гулгаа ихтэй учраас авиралт хийхдээ зам бага туулдаг. Ер нь эртхэн бэлтгэлээ базааж орой 4, 5 цагийн үед майхнаа барьж эхлэхгүй бол харанхуй болчихдог.
Зуны улиралд өмссөн хувцас хөлсөндөө норсон ч дэлгээд хатаадаг. Харин өвөл боломжгүй. Тиймээс хөлөрсөн бие, нойтон хувцастайгаа мишокондоо ороод унтдаг. Мөн уулын гутал гурван давхар байдаг. Гутлын хамгийн дотор талын хэсгийг өвөртөө хийж унтахгүй бол өглөө босоход дараагаад хөлдчих тохиолдол бий. Тухай өдрөө хэрэглэх гэрэл, хоол, цайгаа болгох газ зэргээ өвөртөө хийж унтдаг.
Ихэнхдээ өдөрт нэг л удаа цай, хоолоо сайн идчихээд бүхэл өдөржингөө авирна. Яагаад гэхээр 30 хэмийн хүйтэнд ус, хоол хүнс бүгд хөлдчихнө. Тэр болгон дуртай үедээ идэж уугаад явах боломжгүй.
-Оргил өөд гарахдаа золгүй явдал тохиолдох нь бий. болж буцаад бууж чадаагүй цөөнгүй тохиолдол байдаг. Та хэд эрсдэлээ хэрхэн тооцоолсон бэ?
-Өндөр, нам аль ч ууланд авирч байгаа бол сонор сэрэмжээ огт алдаж болохгүй. Өөр тийшээ анхаарлаа хандуулах мөчид эвгүй гишгэж унах эрсдэлтэй. Аливаа эрсдэл хэлж ирэхгүй. Аль болох өөрсдөдөө итгэх хэрэгтэй. Өөртөө итгэх итгэлээ нэмэхийн тулд бэлтгэл ажлаа маш нямбай бэлдэх нь юу юунаас илүү чухал. Мөн багаар авирч байгаа үед хамт олны итгэлцэл амжилт авчирдаг.
Ууланд авирахаас өмнө Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас аюултай хэмээн сэрэмжлүүлж байсан. Мөн уул руу авирах зөвшөөрөл өгөөгүй. Бид ямар нэгэн аваарь осол гарвал өөрсдөө хариуцлагаа үүрнэ гэсэн өргөдөл бичиж өгөөд л уулаа зорьсон. Нөгөө талдаа бидний аюулгүй байдалд санаа тавин ажиллаж байсан онцгойгийнхны зөв.
Бас сэтгэл зүйн бэлтгэл чухал. Ямар хэмийн хүйтэнд хэдэн цагийн авиралт хийх вэ, яаж багийн идэвхтэй гишүүн байх вэ гэдэгт сэтгэл зүйн хувьд бэлэн байх нь эрсдэл үүсэхээс сэргийлж, өөрийгөө зоригжуулах том тулгуур болж өгдөг.
Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн
-Таны хувьд маш олон оргил өөд гарч байсан туршлагатай. Өндөр уулын оргилд ямар амьдрал өрнөж байдаг бол гэдэг үнэхээр сонирхолтой санагдаад байдаг юм.
-Өндөр уулын амьдрал их хөдөлгөөнтэй, идэвхтэй гэж хэлж болно. Хүн байгальтай болон өөрөө өөртэйгөө тэмцэж байгаа гэсэн үг. Байгалийн янз бүрийн үзэгдлийг яаж даван туулах вэ, өөрийн хүсэл сонирхлыг хэрхэн гүйцэтгэх вэ гэх мэт олон асуултын хариултыг ууланд авирснаар олж авдаг. Уулын спорт үзэгчгүй гэж хүмүүс ярих нь элбэг. Өөрөө өөрийгөө ялан дийлэхийг хүсвэл ууланд авир гэдэг үг ч бий. Нэг өгүүлбэрээр хураангуйлж хэлбэл, Уулын спорт нь бид эх дэлхийтэйгээ хэрхэн уялдаж амьдарч чадах вэ хэмээх сорилт юм.
-Мөнх цаст хайрханыхаа оргил дээр гараад зогсож байхад ямар сэтгэгдэл төрж байсан бэ ?
- Миний хувьд дахин давтагдашгүй нэг өвөрмөц мэдрэмж төрсөн. Үгээр илэрхийлэхэд хэцүү юм. Юутай ч зүйрлэшгүй. Цаашид илүү олон оргил өөд гарах хүслийг минь бадрааж өгсөн авиралт боллоо. Ер нь өндөр оргил дээр амжилттай гарсан хүн бүрийн мэдрэх мэдрэмж өөр байдаг болов уу. Өөрт төрсөн мэдрэмжээ үгээр илэрхийлэх тийм хялбар биш. Өндөр оргил дээрх мэдрэмжийг хүн бүр мэдрэх боломжгүй.
-Энэ удаагийн авиралтын гол онцлог нь юу байв. Тус оргил дээр гарахад хэр их хугацааг зарцуулсан бэ?
-Бид 11 орчим хоног явсан. Авиралт нэг талдаа 30 км замыг туулсан бөгөөд цасан шуурга, мөс, цасан хунгар, хадан хавцал дээгүүр чаргатай ачаа чирээд саад ихтэй замыг амжилттай даваад ирсэн нь өвлийн авиралтын гол онцлог. Оргил руу очих замдаа гурван удаа майхнаа барьж байрласан. Оргил өөд гарах үндсэн авиралт нэгдүгээр сарын 2-ны 07.30 цагаас эхлээд 21.30 цагийн үед дуусаж, майхандаа буцаж ирсэн. Өөрөөр хэлбэл, яг оргил өөд гарах авиралт 14 орчим цаг үргэлжилсэн. Нийт ирж, очих 60 км замыг хоол хүнс, майхан саваа ачсан чаргаа чирээд амжилттай туулаад ирлээ.
- Замдаа тохиолдсон баяр, гунигаасаа манай уншигчдад сонирхуулаач
-Алтай Таван богд руу зуны улиралд авирахад цаг агаарын хувьд дулаахан, өвлийн авиралтаас харьцангуй эрсдэл бага. Харин энэ удаагийн өвлийн авиралт идэр хоёр ес эхэлсэн үед хийсэн болохоор маш хүйтэн, жавартай, салхи ихтэй бэртэх, гэмтэх эрсдэл их байв. Хүйтний улиралд авиралт хийх үед бэлтгэл ажил маш чухал. Дулаан хувцас, уулын зориулалтын чанартай гутал өмсөж явах нь эрсдэлээс өөрийгөө хамгаалж байна гэсэн үг. Хэрэв тэгэхгүй бол хөл гар хайрагдах, хөлдөх, өндөр эрсдэл үүсдэг. Бэлтгэлээ маш сайн базаах хэрээр эрсдэл бага гарна.
Оргилоос бууж байхад мөс цөмөрч хөл хэсгээрээ нороод, тэр даруйдаа хувцас хөлдөх, халтирч унах бэрхшээл тохиолдсон. Гэсэн ч даваад гарсан. Нам доор газарт харьцангуй салхи тогтуун, шуурга бага байсан. Зарим хүмүүс миний хацрыг хараад хүндээр тусгаж авсан. Уулчин хүний хувьд хацар хайрагдах бол энгийн үзэгдэл. Зөөлөн эдийн гэмтэл авах, хөл, гараа хөлдөөгөөд тайруулахаас хамгийн хөнгөн хэлбэр нь хацар хайрагдах юм.
-Хүчтэй салхи шуургатай үед нэг хүн чарган дээр хэдэн кг ачаа чирж явсан бэ Өөд газар хүнд ачааг чирээд явна гэдэг нэлээд хүч шаардагдана биз.
- Хүмүүс чаргатай явсан гэхээр тэгш гадаргуу дээр чирээд явсан мэт ойлголт төрөх нь цөөнгүй. Гэтэл бодит байдал дээр ачаатай чарга араас дугтарна, дутуу мөстсөн газарт цөмөрч орох, зарим газар чарга алдах тохиолдол бишгүй гардаг. Чарга чирэхэд өөрийн алхаа гишгээнээс гадна, чаргаа удирдах чадвар их чухал.
Гурван уулчин эмэгтэй, нэг зураглаачтай дөрвүүлээ тус оргилыг зорьсон. Багийнхаа ачаа болон өөрсдийнхөө хэрэглэх хэрэглэгдэхүүн болох мишок, сольж өмсөх хуурай хувцас, хоол хүнс, майхан савыг гурван чарган дээрээ хувааж ачаад, нэг хүн дунджаар 25-30 кг ачааг чирч явсан. Яг оргил руу эмэгтэйчүүд авирсан. Хүмүүс гайхаж магадгүй. Яагаад зурагчин дагуулж явсан юм бол гэж. Бид богино хэмжээний баримтат кино хийхээр төлөвлөсөн. Бид гурав дэлхийн хамгийн хүйтэн уул болох Хойд Америк тивийн ноён оргил Деналид гарч байсан. Тэр туршлага дээрээ үндэслээд энэ багт явах шийдвэрийг гаргасан учраас хүндрэл харьцангүй бага гарлаа.
-Уул руу авирах замд таарч байсан сонирхолтой зүйлс бий юу?
-Алтай Таван богд руу дулааны улиралд авиралт хийхэд төрөл бүрийн ан амьтан олон харагддаг. Харин хүйтний улиралд чоно элбэг юм билээ. Цэнгэл сумын Цагаан голын айлууд уулынхаа бэлд адуу малаа бэлчээдэг. Малыг нь хэцүү нэрт буюу чоно идэх тохиолдол цөөнгүй гардаг гэдгийг нутгийн иргэд ярьж байв.
Мөн хамгийн сонирхолтой зүйл нь нохой зээхийн мөртэй таарсан. Авиралтай хийгээд дуусаад хамгийн сүүлийн шөнө бид нэг майханд бөөндөө хоносон. Гэтэл нэг сарын 4-ний өглөө майхны гадна хүн шар шар гээд яваад байх шиг чимээ гарахыг би сонссон юм. Ганцаараа сонссон юм болов уу гээд өглөө сэрээд нөгөө хэддээ ярьтал, Б.Гангаамаа бас сонссон байсан. Тэгээд зураглаач гараад мөрийг нь хайж олоод зургийг дарсан. Нутгийн хүмүүст уг зургийг үзүүлтэл нохой зээхийн мөр гэж хэлсэн. Энэ амьтан нь хүнд хор хөнөөл учруулахгүй. Хажууд мэт дугарсан нь хол хөндий хавцалд явахаар хажууд байгаа юм шиг сонсогддогийг нутгийн иргэд хэлж байна лээ.
-Гэр бүлийнхэн тань эрсдэл ихтэй уулын спортоор хичээллэхийг нь хэр дэмждэг вэ?
-Уулчин хүний амжилт гаргах эсэх нь ар гэрийнхэн болон найз нөхөд, хамт олны дэмжлэгтэй холбоотой байдаг. Тэд надад итгэж, сэтгэл санаагаар дэмжээгүй бол өнөөдөр би маш олон уулын оргилд гараагүй байж мэдэх юм. Гадаад, дотоодын ямар ч ууланд гараад ирэхэд ар гэрийнхний санаа маш их зовсон байдаг.
Уулчин хүн эх орондоо, гэртээ эсэн мэнд ирэх нь хамгийн том бэлэг. Хүмүүс бодохдоо тухайн уулын оргил дээр гарчихсанаа том амжилт мэтээр ойлгодог. Гэтэл уулнаас буухдаа маш их эрсдэл гаргадаг. Яагаад гэхээр дээшээ өгсөж байхдаа маш их биеийн хүч зарцуулж, мэрийлттэй, хөдөлгөөнтэй байдаг. Харин доош буухдаа орой дээр нь гарсан юм чинь гэх бодолтой өөрийгөө тайвшруулж, сонор сэрэмжээ алдах, их ядарсаны улмаас бэртэж, гэмтэх нь элбэг.
-Таны амьдрал уулын спорттой хэрхэн холбогдсон тухай түүхээ хуваалцвал?
-Миний амьдрал уулын спорттой холбогдоход аавын нөлөө их. Би Өмнөговь аймгийн уугуул. Одоо ч аймагтаа ажиллаж, амьдарч буй. Манай аймаг 1970 оны үеэр 20 гаруй уулчинтай байсан түүхтэй. Тэдний нэг нь миний аав. Зах зээлд шилжээд уулын спорт сонирхдог хүмүүсийн тоо цөөрсөн. Аавыг минь Дадьсүрэнгийн Доржпалам гэдэг. Ах дүү дөрвөн уулын болон цанын спортын мастер гэхээр манай нутгийнхан андахгүй. Энэ тохиолдол Монголд тун ховор л доо. Бараг байхгүй гэж хэлэхэд болох байх. Эдгээр хүмүүсийг дагаж анх удаа 1986 онд тавдугаар ангийн зуны амралтаар ууланд авирч үзэж байсан түүхтэй. Түүнээс хойш уулын спортыг сонирхож, өөрийгөө зориглуулж олон уулын оргилд гарч үзсэндээ үнэхээр сэтгэл хангалуун явдаг даа.
-Уулын спорт танд ямар нэгэн таатай мэдрэмж төрүүлдэг болохоор ийм олон жил хичээллэж, тууштайгаар өдий хүртэл орхилгүйгээр явсан юм болов уу гэх бодол төрлөө.
-Уулын спорт хүнийг хатуужуулдаг. Өөрөөр хэлбэл, хүний амьдралд ямар нэгэн бэрхшээл тулгарахад хүндээр тусгаж авахгүйгээр давж гарах чадварыг эзэмшдэг. Мөн аливаад хүлээцтэй уужуу сэтгэлээр ханддаг юм. Яагаад гэхээр бид хурдан түргэн шийдвэр гаргавал алдаа гаргах эрсдэл ихтэй. Тийм учраас бодож тунгааж, багийн үнэ цэнийг мэдэрч, олуулаа юмыг нэг санаагаар, нэг чигт чиглэж хийж чадвал амжилтыг гаргаж болдог гэх мэт зүйлийг мэдэх бүрэн боломжтой.
Уулын спортын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Таны цаашдын ажил өндөр амжилт хүсье