Шерри Расмуссен нөхөртэйгөө амьдардаг гэрт нь 1986 оны хоёрдугаар сард хулгайч нар оржээ. Үнэ хүрэхээр юм олох гэж тэд хичээсэн ч чадсангүй. Харин залуу бүсгүйг зодож тамлаад зогсохгүй буудаж хороогоод зугтав. Цагдаа нар 23 жил ийм л таамаглалтай байлаа. Жон Рюттен Америкийн Лос-Анжелест Кaлифорнийн их сургуульд сурч байхдаа Стефани Лазарус гэдэг улс төр судлаач охинтой танилцаж, чөлөөт цагаараа сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглодог байв. Жон “Micropolis” компанид ажиллах болсон нь залуу инженерийн хувьд сайхан эхлэл. Стефани цагдаагийн академид үргэлжлүүлэн сурч 1983 оноос мэргэжлээрээ ажиллах болов. Гэвч тэд 1984 онд хоёр тийш болжээ. Жон удалгүй өөрөөсөө хоёр эгч Шерри Расмуссентэй танилцав. Улмаар түүнд хөл алдсан байна. Жерри ч Жонд сайн байлаа. Тэд 1985 оны сүүлчээр гэрлэв. 1986 оны хоёрдугаар сарын 24-ний өглөө залуу ажилдаа явж, эмэгтэй нь гэртээ үлдэв. Жон хэдэн цагийн дараа гэр лүүгээ утасдахад Шерри утсаа авсангүй. Ажлаа тараад гэртээ иртэл гарааш руу ордог хаалганы хажууд шилний хагархай байхыг харав. Гэртээ ороод унтлагын өрөөний хаалга хагас онгойсон байхыг хараад зүрх нь хүчтэй цохиллоо. Тэнд Шерри нь халаадтай хэвтэж байв. Эхлээд унтаж байна гэж бодтол нүүр нь хавдаж, цус болсон байлаа. Судас нь цохихоо байжээ. Цогцос нь хэдийн хөрчихөж.
Шерригийн цээжин тус газарт бууны сумны гурван нүх, эсэргүүцэл үзүүлсний тэмдэг болох шарх, шалбархай биед нь зөндөө, хажууд нь хагархай шилэн сав хэвтэнэ. Хувцасны шкаф онгорхой. Цагдаа нар ирж үзлэг хийгээд мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэв. Тэд дээрэм хийх гэж оролдсон гэсэн таамаг дэвшүүллээ. Тэгтэл нүдэнд ил газар байсан үнэт эдлэлтэй уутанд гар хүрэлгүй орхижээ. Дээрэм хийх зорилготой ирсэн гэхэд эргэлзэм өөр зүйл ч байлаа. Хүмүүс ирнэ гэж Шерри хүлээж байгаагүй нь түүний хувцаснаас илт. Хөршүүд нь болохоор зарим нэг сонирхол татам юм ярьсан ч шүүрээд авахаар сэжүүр ер байсангүй. Хажуугийн байрны цэвэрлэгч эсэргүүцэл тэмцлийн бололтой дуу чимээ сонссон байв. Мөн хоёр эрэгтэй хүн харагдсан нь цэцэрлэг янзалдаг мексик эрчүүд байж. Баримт гэхээр юм гэвэл дунд нь нүх гарсан, дарь үнэртсэн зузаан бүтээлэг байлаа. Бууны дууг намсгахын тулд алуурчин түүнийг ашигласан байж болох. Нэг удаа нэлээд зайнаас, хоёр удаа тулгаж буудсан байв. Буудуулсан эмэгтэйн гар дээр хазуулсан мөр байсан нь ихэвчлэн эмэгтэйчүүд л шүдээ зэвсэг болгож ашигладаг ч эрчүүд гэмт хэрэг үйлдэх үедээ бас хаздаг гэж мөрдөн байцаагчид үзэж байв.
Охин нь цагдаагийн хувцастай үл таних эмэгтэй мөрдөн мөшгөөд байх шиг хэмээн ярьж байсныг Шерригийн эцэг Нельс Расмиуссен мөрдөн байцаагчдад хэлжээ. Жоны үерхэж байсан Стефани гэдэг бүсгүйн талаар юм хэлж болох гэрчүүдээс тэд байцаалт авахаас татгалзав. Алуурчны тухай тодорхой мэдээлэл өгсөн хүнд Нельсийн гэр бүл 10 мянган доллар өгөхөөр амлав. Ингээд телевизээр уг аллагын талаар олны сонорт хүргээд ч нэмэр болсонгүй. Охиных нь цогцос дээр байсан шүдний мөрнөөс шүлс авч, машинаас олсон үс, цусыг шинжлэхийг Нельс хүсэхэд санхүүгийн боломж муу гэсэн шалтгаар цагдаа нар татгалзжээ. Тэгэхээр нь хүсэлтийг нь хүлээн авч, биелүүлэхэд бэлэн лаборатори олсноо хэлж, өөрөө төлбөрийг нь өгье гэжээ. Нельс ийнхүү охиных нь амийг хороосон хүнийг олоход туслахыг бүхий л талаар хичээж байхад Жон, Стефани хоёр дахин учирч хувийнхаа амьдралд санаа тавьж байлаа. Тэгэхдээ Шеррийг алсан хэрэгт Стефани холбоотой, эсэх талаар баттай хариу хэлэхийг мөрдөн байцаагчаас Жон хүсэхэд “Холбоогүй гэдэгт эргэлзэхгүй байна” гэж хэлсэн байна. Санаа нь амарсан Жон, Стефанитай Хавайд амрав. Гэвч тэд тун удалгүй хоёр тийш болж, мөр мөрөө хөөжээ.
Лос-Анжелесийн цагдаагийн газрын удирдлага илрээгүй хүн амины хэргийг мөрдөх шинэ салбарыг 2001 онд байгуулав. Тус газрын ажилтнууд материал үзсэний дотор Шерри Расмуссены амийг хороосон хэргийн хавтас гурван жилийн дараа Женнифер Фрэнсисийн гарт иржээ. Эл хэргээс хойш дөрвөн жил өнгөрч, 2009 он гарав. Лос-Анжелест гэмт хэрэг илрүүлэх нь муудаж, энэ чиглэлд нэмэлт хүч өглөө. Жим Наттолл гэдэг нэлээд зарчимч мөрдөн байцаагч иржээ. Тэрбээр Шерри Расмуссены амийг хороосон хэрэгтэй холбоотой бүхий л баримтыг үзэж танилцахад хоёр эрэгтэй хүн энэ хэргийг үйлдсэн гэх эхний таамаглалтай нийцэхгүй юм нэлээд байв. Удалгүй хоёр ч хүн энэ хэргийг нягталж, 1986 онд Лайл Майерийн хийсэн дүгнэлтийг дахин шалгах боллоо. Тэгээд уг айлд орж ирсэн хүмүүс хулгай хийх зорилгогүй, Шеррийг л алах бодолтой байжээ гэсэн дүгнэлт хийсэн байна. Эхлээд Жоныг байцаахад аллагад Стефани оролцсон гэх таамгийг эрс үгүйсгэж байлаа. Стефани гар буу худалдаж авсан баримтыг шалгахад цагдаагийн академи төгсмөгцөө буутай болсон байлаа. Шеррийг алуулснаас хоёр долоо хоногийн дараа буугаа хулгайд алдсан гэж Стефани мэдэгдсэн байв. Тиймээс ийм мэдээлэл байсаар байхад 1986 онд үүнийг яагаад анхаарсангүй вээ гэж мөрдөн байцаагчид гайхжээ. Шерригийн гарыг хазахдаа үлдээсэн шүдний ормоос авсан шүлс, Стефани шүүс уусан аяганыхтай яг адил байлаа. Энэ хэргийг шүүхээр хэлэлцэх үйл явц 2012 онд дуусав. Стефанигийн өмгөөлөгчид хэргийг хаахыг шаардаж байв. Гэвч шүүхийн шийдвэрт юу ч нөлөөлсөнгүй, цагдаагийн гавьяат ажилтан эмэгтэйг Шерри Расмуссеныг алсан хэрэгт буруутай гэж үзэж, 27 жил шоронд хорих ял оноов. Хугацаанаас өмнө батлан даалтаар суллах хүсэлтийг Стефани 2024 онд гаргаж болно. Тэгэхэд түүний нас 64 хүрсэн байна. Шерригийн эцэг, эх Лос-Анжелес хотын цагдаагийн байгууллагад эсрэг нэхэмжлэл гаргасан ч Стефанигийн хийсэн хэргийг илрүүлэхгүй байх оролдлого хийсэн гэх баримт нотолгоо олдсонгүй.
Бэлтгэсэн Р.Жаргалант