Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум дэлхийн олон улстөрчийн оффшор дансны мэдээлэл бүхий 12 сая баримт бичгийг нийтэллээ. Тэдгээр баримт бичгийг “Pandora papers” буюу “Пандорагийн баримт бичгүүд” гэж нэрлэсэн байна.
45 орны 130 гаруй тэрбумтан, 90 гаруй орны 330 улстөрч, өндөр албан тушаалтнууд, тухайлбал, 35 улсын удирдагчид хамаатай баримт бичиг энэ удаа нийтлэгджээ. Сэтгүүлчид оффшор бүсэд ажиллаж буй 14 компаниас 2.94 терабайт нууц мэдээлэл авсан аж.
Мөрдөн шалгалтад дэлхийн өнцөг булан бүрээс 650 гаруй сэтгүүлч оролцсон байна. АНУ-ын Вашингтон хотод байрладаг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум урьд нь 2016 оны дөрөвдүгээр сард дэлхийн одоогийн болоод хуучин удирдагчид, нэртэй улстөрч, бизнес эрхлэгч, тамирчин, менежерүүдийн оффшор данстай холбоотой мэдээлэл бүхий 11.5 сая баримт бичгээс мэдээлж байсан. “Панамын баримт бичиг” гэж нэрлэсэн тайлан нь оффшор бүсэд бүртгэлтэй компаниудад хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлдэг Панамын “Mossack fonseca” компаниас алдсан мэдээлэлд үндэслэсэн гэдгийг мэдэгдэж байсан юм.
Тус консорциум дэлхийн олон орны улстөрчдийн санхүүтэй холбоотой 13.4 сая баримт бичгээс авсан хэсгүүдийг 2017 оны арваннэгдүгээр сард нийтэлж, уг баримт бичгүүдийг “Paradise papers” буюу “Диваажингийн баримт бичгүүд” гэж нэрлэсэн билээ.
Энэ удаа тухайлбал, Британийн Виржиний арлууд, Кипр, Панам, Белиз, Сингапур, АНЭУ, Швейцарт үйл ажиллагаа явуулдаг компаниудаас мэдээлэл алдагджээ. Тэдгээрийн заримаас дурдвал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хөрөнгийн нэг хэсгийг Монакод нуусныг ВВС “Paradise papers”-ийн файлуудыг судлаад мэдээлжээ. В.Путинтэй холбоотой байсан гэх гурван хүний нэр дээрх тансаг сууцуудын нэгийг л гэхэд 2003 онд 3.6 сая ам.доллароор худалдан авчээ. Эл мэдээллийг түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков няцаасан байна. Мөн Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевыг улсын мөнгө “идсэн” хэрэгт буруутгасан бөгөөд Британид 500 сая гаруй ам.долларын үл хөдлөх хөрөнгөтэйг илрүүлжээ. Тус улс дахь түүний гэр бүлд хамаарах үл хөдлөх 17 объектын нэг болох 33 сая фунт стерлингийн оффисын барилга л гэхэд 11 настай хүү Гейдарын нэр дээр байх аж. Тэрчлэн Йорданы хаан II Абдалла АНУ, Британид 100 сая долларын үл хөдлөх хөрөнгө нууцаар худалдан авчээ. Тодруулбал, 20 жил төр барихдаа тэрбээр Калифорни болон Англид орчин үеийн дүүргүүдэд 15 байртай болсон гэнэ. Үүний сацуу Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кеньятта, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан, Украины Төрийн тэргүүн Владимир Зеленский нарын олон удирдагчийн мэдээллийг сэтгүүлчид олж авсан байна.