ХБНГУ-д “Escherichia coli” хэмээх нянгаар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин туссан 10 хүн нас барсан тухай “Ройтерс” мэдээлжээ. DW-WORLD-ын мэдээлж буйгаар нас барсан хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байсан гэнэ. Испаниас оруулж ирсэн өргөст хэмх уг өвчний нян тээгч байсныг мэргэжилтнүүд тогтоосон аж.
Энэ сарын 28-ны байдлаар уг өвчний халдвар авсан хүний тоо 1000 хүрээд байгаа бөгөөд ХБНГУ-ын Шлезвиг-Гольштейн, Гамбургт л гэхэд өвчлөгчдийн тоо огцом нэмэгдсэн байна. Гамбургийн их сургуулийн эрдэмтэд өвчнийг газар авахуулалгүй дарахын тулд шинэ эм гаргаж авахаар ажиллаж байгаа юм.
ВВС агентлагийн мэдээлж буйгаар өвчин Швед, Дани, Голланд, Их Британид тархсан байна. Түүнчлэн Испани улс нянтай өргөст хэмхийг Чех, Австри, Унгар руу импортолжээ. Испанийн Засгийн газар хоёр фермд тарьсан хүнсний ногоог худалдахыг хориглосон аж.