Боснийн сербүүдийн зэвсэгт хүчний командлагч асан Ратко Младичийг баривчилсныг эсэргүүцсэн хүмүүс Белградад жагсаал зохион байгуулжээ. Жагсаалд 10 мянга гаруй хүн оролцсоны дийлэнх нь үндсэрхэг үзэлтнүүд байсан бөгөөд тэд “Младич-баатар” гэж бичсэн лоозон барьжээ. Сербийн хууль сахиулагчдын мэдээлж буйгаар жагсаал тайван эхэлсэн ч сүүлдээ цагдаа нарын өөдөөс жагсагчид эсэргүүцэл үзүүлснээр мөргөлдөөн гарсан байна.
Жагсагчдын зарим нь гэрлэн дохио хагалж, цаас шатаан цагдаа нар руу шидэж байжээ. Жагсаалын үеэр үймээн дэгдээсэн гэх 100 гаруй хүнийг баривчилсан тухай “РИА Новости” мэдээлэв. Генерал Р.Младичийг 1995 онд Сребреница хотод Боснийн 7500 лалын шашинтныг хоморголон устгасан хэрэгт буруутган, түүний хэргийг Гаагагийн шүүхэд шилжүүлэхээр шийдсэн билээ. Гэсэн ч түүнийг ардын баатар гэж үзэх хүн Сербид цөөнгүй байдаг аж.
Генералын нэр төрийг хамгаалах, түүнийг суллахыг шаардсан цуглаан өөр хотуудад ч боллоо. “Р.Младичийг Гаагийн шүүхэд шилжүүлнэ гэдэг улс орны тусгаар тогтнолыг үгүйсгэж байна гэсэн үг. Тэгээд ч ардын баатрыг баривчилна гэдэг байж болшгүй зүйл юм” гэж Сербийн радикал намын гишүүн, депутат Лидия Вукичевич хэлжээ. Түүнчлэн Р.Младичийн хүү Дарко “Миний аав эх орноо хамгаалсан. Тэр үнэхээр гэмт хэрэгтэн байсан бол ард түмэн түүний төлөө жагсаал хийхгүй байсан юм” гэж ярьсан аж.
Өдгөө 69 настай Р.Младичийн бие муу гэсэн шалтгаанаар Гаагийн шүүхэд шилжүүлэхээ хойшлуулахыг түүний өмгөөлөгч хүсэж байна.
Х.ОДОН