Хуучинсаг ХАМАС, үл ялиг аядуу ФАТХ хэмээх Палестиний хоёр хөдөлгөөн олон жилийн дайсагналцлаа зогсоож, Палестиний автономийн хувьд бүхэлд нь нийцэх засаглал бий болгохоор Египетийн тагнуулын байгууллагын тусламжтайгаар тохиролцов. Араб дахь хувьсгалт үйл явц бүс нутгийн бодлогод нөлөөлж буйн анхны илрэл гэж энэ алхмыг үзэлтэй. Египетийн хувьсгал эхэлмэгц л Ойрхи Дорнодын энхийн үйл явцад нөлөөлж байсан талууд барьц алдсан. Өөрийн эртний үнэнч холбоотон Хосни Мубаракийнхаа тэргүүлж байсан, бүс нутгийн түшиг орондоо тавих хяналтаа АНУ харсаар байтал алдав. Лалын шашинтнууд юм уу цэргийнхэн биш, ердөө л ардчиллыг хүссэн ард түмэн дарангуйлагчийг “унагаж” байхад тэр дарангуйлагчийг нь илт дэмжвэл АНУ хоёр нүүртэн гэдгээ баталсан хэрэг болох байлаа.
Израилийн эрх баригчид албан ёсоор илэрхийлээгүй ч бас л энэ хувьсгалын эсрэг байв. Мубаракийг эд “чонын бэлтрэг” гэж үзэж байсан ч Палестинтай хийдэг тэмцэлд нь хэрэгтэй үед дэмжлэг үзүүлэх “өөрийн” хүн гэж тооцдог байлаа. Түүнээс гадна хөрш оронд нь лалын шашинтнуудын нөлөө өсөх аюул Израилийг тоглоомгүй айлгаж байсан юм. Каирт болж буй үйл явдлыг ажиглангаа Палестиний эрх баригчид ч бас ихэд эвгүйцэж байв. ФАТХ-ын тэргүүн Аббас ч “Арабын авлигад идэгдсэн дарангуйлагч”, “Өрнөдийн хүүхэлдэй” гэдэг тодорхойлолтод бүрнээ нийцэх нэгэн билээ. Түүнээс гадна Палестиний автономийн тэргүүний халамжит ивээгч байсан Мубаракийн гараас Махмуд Аббас удаан хугацаанд хоол “гударсан” хүн. ХАМАС ч ялгаагүй, Египетийн үйл явдалд баярлаж байгаагүй.
Лалын шашныг сэргээн мандуулах шинж тэмдэг Египетэд өндийсөн хөдөлгөөнд огт байсангүй. Тухайн цагтаа ХАМАС бүлгийг өрх тусгаарлуулсан Египетийн “Мусульман ахан дүүс” ч өөрсдөөс нь юу ч үл хамаарахыг ойлгоод хувьсгалын үйл хэргийг хөндлөнгөөс идэвхгүй ажиглахаас хэтэрсэнгүй. Түүнчлэн египетчүүдийн шаардаад байгаа ардчилал, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх, сонгох эрх чөлөө гэгч нь аль ч хэт даврагчдын хувьд цусаар шээхээс ч дор зүйл аж. Тэдний ойлголтоор энэ мэт нь огт хэрэггүй төдийгүй хүмүүсийг лалын дайчин байх “үүргээс” нь хөндийрүүлж, удирдагчдаа үг дуугүй захирагдах дэгийг алдагдуулдаг хортой зүйл юм. Гэтэл хувьсгал ялчихлаа, Мубаракийг ширээнээс нь ширдэгт шилжүүлчихлээ. Тэгэхээр Ойрхи Дорнодын үйл явцад татагдан орогсод бүгд шинэ нөхцөл байдалд дасан зохицохоос аргагүй.
Махмуд Аббас эхэлж зүг чигээ тодорхойллоо. Тэрбээр сонгуульд дахин нэрээ дэвшүүлэхгүй, ээлжит сонгуулиар суудлаа өгнө гэдгээ зарлав. Харин энэ сонгууль хэзээ болох нь тодорхой бус. Энэ нь түүнийг даруй солихыг уриалсан Аббасыг шүүмжлэгчдэд өгсөн хариу гэж үзэж болно. Энэ тохиолдолд ХАМАСын хэт даврагчид ялалтаа тэмдэглэхээс аргагүй. Яагаад гэвэл Палестиний автономийн эрхийн төлөө тэмцэлд тэдний гол өрсөлдөгч нь хүчтэй цохилтод өртөж өрсөлдөөнөөс гарч байна. Тэдний хяналтад байдаг Гаазын зурваст ФАТХтай сөргөлдөхөө больж хамтрахыг уриалсан олон мянган залуусын жагсаал болж байна. Улс төрийн тогтолцоог ардчилахыг шаардсан уриа ч бас тэндээс дуулдаж буй. Сонгуулийн дүнгээр ХАМАС Засгийн газрыг байгуулах болсон 2006 оноос ФАТХ энэ хоёрын харилцаа муудсан юм. Уг нь эрх мэдэл авахын төлөөх сонгуульд Палестиний энэ хоёр байгууллага хоёул өрсөлдсөн юм. Тэдний зөрчил явсаар ХАМАС-ын дайчид өрсөлдөгчдөө Гаазын зурвасаас гаргахаа байх хүртлээ хурцадсан.
Тэр цагаас Палестиний нутаг дэвсгэр дээр хоёр Засгийн газар, хоёр Ерөнхийлөгч, хоёр Парламент байх болсон билээ. Харилцан дайсагналцах хоёр байгууллагыг эвлэрүүлэх гэсэн олон удаагийн оролдлого бүтэлгүйтэж байв. Гэлээ ч бий болсон нөхцөл байдлаас гарах замыг Гаазын зурваст шаргуу хайх болов. ФАТХ-тай эвлэрүүлэхийг хүсэж байсан 2009 оны Египетийн санаачилга ХАМАС-ын удирдагчдын толгойд орж ирэв. Одоо бол байдал өөр болсон. Египет өөрчлөгдсөн, ФАТХ суларсан, ХАМАС өөрт нь ч таагүй асуудал олон. Урьд нь египетчүүдээс тусламж гуйхыг ХАМАС-т шашин шүтлэг нь зөвшөөрдөггүй байв. Мубарак гэхэд Америкийн хийгээд Аббасын анд, түүний “баруун гар” гэгддэг Омар Сулейман нь Израилийн хүндтэй зочин байсаар ирсэн. Египет улс өөрөө ч Гаазын зурвасыг бүслэн хаахад оролцсон.
Харин хувьсгал ялсны дараа байдал зарим талаар өөрчлөгдөж, египетчүүд бүслэлтээ бүрэн чөлөөлөөгүй ч улс орны нь удирдлагад Америк, Израильтай тийм ч дотно харилцаатай биш, харьцангуй шинэ хүмүүс гарав. ХАМАС “2009 онд бид цухалдсан нь буруу байсан юм билээ. Тиймээс хэл амаа ололцох гэж дахин оролдоод үзвэл яасан юм” хэмээн Каирт ханджээ. Ойрхи Дорнод дахь өөрийн байр суурийг ихэд үнэлдэг Каир ч ямар нэг чухал үйл хэрэгт оролцохоор зөвшөөрсөн байна. Ирээдүй нь ихээхэн зузаан мананд байгаа ФАТХ ч тодорхойгүй байдлын шавар намгаас гарахад нь дэм болохуйц дэрснээс бушуухан зуурч авахыг хичээлгүй яах вэ. Яриа хэлэлцээр тэр даруй болж өнгөрөв. Хоёр тал урьдынхыг бодвол хэн хэндээ буулт хийхээс нэрэлхсэнгүй. Палестинийг энэ хоёр байгууллага шилжилтийн Засгийн газрыг нам бусчуудаас бүрд үүлэх, сонгууль шударга, нээлттэй болж буй эсэхэд хяналт тавих Сонгуулийн комис сыг 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тохиролцов. Ийн тохиролцсоноос хойш нэг жилийн дотор сонгууль хийх юм.
Засгийн газрыг хэн толгойлох нь одоогоор тодорхойгүй ч ХАМАС-ын хяналтад байх янзтай. Үүнийг зөвшөөрсний хариуд ФАТХ баруун эрэгт хяналтаа хадгалах бололтой. Ийн тохиролцсон нь үндэсний эв нэгдлийг эрхэмлэж байгаагаа аль аль нь өөрсдийн хараа хяналтад байдаг нутаг дэвсгэр дээр оршин сууж буй хүн амд харуулах боломж олгож буй юм. ХАМАС, ФАТХ хоёр хэл амаа ололцох зүгт алхам хийж буй нь харин Израилийн хувьд үүлгүй байхад аянга буух шиг болсон нь мэдээж. Египетийн бүх нууцыг хамгийн найдвартай эх сурвалжаас авч чаддаг байсан Израиль саяны тохиролцооны талаар их хожуу мэдэв. Энэ удаа египетчүүд нууцыг цоожтой авдар мэт хадгалж чадлаа. Тиймээс палестинчуудын эв нэгдлээс юу хүлээж болохыг Израильд хэн ч мэдэхгүй байна. Түүгээр ч барахгүй тохиролцооны хүрээнд талууд харилцан нэгнийхээ хоригдлуудыг суллах гэж буй нь израильчуудыг бүр ч айлгаж буй. Учир нь ХАМАС-ын талын олон зуун хүнийг олзолж авахад нь ФАТХ-т израильчууд тусалсан юм.
Р.ЖАРГАЛАНТ