АНУ-ын Засаг захиргаа Пакистанаас цэргүүдээ татаж эхэлсэн тухай ВВС мэдээлэв. Тус улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Дэвид Лапаны хэлснээр Пакистаны эрх баригчид энэ талаар хүсэлт гаргасан гэнэ. Гэхдээ Пентагоны мэдэгдэж буйгаар АНУ-ын цэргүүд Пакистанаас бүрмөсөн гарахгүй, цэргийн сургуулилалт хийх хүмүүс үлдэх аж.
“Талибан” болон хэт даврагч бусад бүлэглэлтэй тэмцэхэд Пакистан АНУ-д тусалж, хариуд нь Вашингтон Исламабадад зэр зэвсэг, санхүүгийн туслалцаа үзүүлдэг билээ. Пакистан америкчуудтай хамтарч эхэлснээсээ хойш нийт 18 тэрбум ам.долларын тусламж авч, батлан хамгаалахын салбараа хөгжүүлэхэд зарцуулсан аж. Харин сүүлийн хэдэн сард болсон үйл явдлууд хоёр улсын харилцаанд сэв суулгаад буй.
АНУ-ын дипломатч Рэймонд Дэвис Пакистаны хоёр иргэнийг буудаж хөнөөсөн атлаа ямар нэгэн шийтгэл хүлээгээгүй нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн билээ. Түүнээс гадна “Аль-Каида”-гийн толгойлогч Осама бин Ладен Пакистаны нутаг дэвсгэрт орогнож байсанд Цагаан ордныхон шүүмжлэлтэй хандаж байгаа юм.