Гүрж улс тусгаар тогтнолын баяраа өчигдөр тэмдэглэв. 1918 оны тавдугаар сарын 26-нд тус улс Ноэ Жорданиагийн эрх барьж байх үед тусгаар тогтнолоо зарласан түүхтэй. Энэ баярын өмнөх өдөр болсон эсэргүүцлийн цуглаан цус, нулимсаар өндөрлөжээ. Гүржийн Дотоод хэргийн яамны мэдэгдэж буйгаар энэ сарын 21-нээс Тбилист эхэлсэн жагсаал 26-нд дуусах ёстой байжээ. Хэрэв жагсагчид баярын өдөр гудамж, талбайд байвал хүч хэрэглэн тараахыг урьдчилан анхааруулсан гэнэ.
Тавдугаар сарын 25-26-нд шилжих шөнө жагсаалыг тараах гэсэн цагдаагийн ажилтнуудын өмнөөс сөрөг хүчнийхэн эсэргүүцэл үзүүлснээр мөргөлдөөн болж хоёр хүн амиа алдаж, 10-40 хүн бэртэж гэмтсэн байна. Сөрөг хүчнийхэн тусгаар тогтнолын баярын өдөр “М.Саакашвилийн дэглэмийн төгсгөл” болгохоор шийдсэнээ өмнө нь мэдэгдэж байв. Ш.Руставелийн өргөн чөлөө, эрх чөлөөний талбайд болсон энэ жагсаалын үеэр “Бүх ардын хурал” хөдөлгөөний тэргүүн Нино Буржанадзегийн нөхөр болон бусад гишүүнийг баривчилсан аж.
“Өчигдөр 00:10 цагаас үймээн эхэлсэн. Гартаа бороохой барьж, буугаар зэвсэглэсэн цагдаа нар жагсагчдыг дөрвөн талаас нь бүсэлсэн байв. Хууль сахиулагчид нулимс асгаруулагч ашиглан хүмүүсийг тараах гэж оролдсон. Жагсагчид ч өөдөөс нь гартаа барьсан бүхнээ шидэж эсэргүүцэл үзүүлжээ” хэмээн Гүржийн “Маэстро” телевиз болсон явдлын талаар мэдээлж байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэжээ.
РОДИОНОВ ГЕНЕРАЛААС Ч ИЛҮҮ ХАРГИС
“Бүх ардын хурал” хөдөлгөөний тэргүүн Нино Буржанадзе “Жагсагчдыг тараах гэхээсээ гэсгээх гэж байсан нь илт байлаа. Бүрэн зэвсэглэсэн цагдаа нар гар нүцгэн жагсагчид руу улангасан дайрч байгааг хараад нүдэндээ ч итгээгүй. 1989 онд Тбилист болсон жагсаалыг тараасан ЗХУын Родионов генерал ч тэдэн шиг авирлаагүй” гэж мэдэгдэв. Түүнчлэн тэмцлээ үргэлжлүүлнэ хэмээн тэрбээр онцолжээ. Жагсаалын үеэр 40 настай нэг эрэгтэй тархиндаа гэмтэл авч нас барсан аж.
“Рустави-2” телевизээр “Сөрөг хүчнийхний удирдагчдын нэг машинаар цагдааг дайрч, амь насыг нь хөнөөсөн” гэж мэдээлсэн аж. Болсон явдлын талаар Гүржийн Ерөнхийлөгч М.Саакашвили хэлэхдээ “Гаднынхан манай улсыг задлах гэж өгөөш хаяж байна. Эсэргүүцлийн жагсаал бол үүний нэг илрэл. Сөрөг хүчнийхэн цус урсгахыг өөрсдөө хүссэн” гэжээ.