“Талибан” хөдөлгөөний толгойлогч Мохаммед Омар алагдсан хэмээн Пакистаны TOLO телевиз мэдээлснийг “Синьхуа” дамжуулав. Тус улсын Умард Вазиристан мужаас түүний цогцсыг олсон гэж эх сурвалжид дурдсан байна. Мохаммед Омар яг хаана, хэнд алагдсан нь одоогоор тодорхойгүй байгаа гэж ВВС онцолжээ. “Талибан” энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй аж.
Мохаммед Омар (мулла Омар) 1996–2001 онд Афганистаны Дээд зөвлөлийг тэргүүлж байсан бөгөөд “Талибан” хөдөлгөөнийг үндэслэсэн юм. Түүнийг Осама бин Ладен болон “Аль-Каида”-гийн бусад гишүүнийг дэмжиж, тэднийг орогнуулж байсан хэмээн АНУ эрэн сурвалжилж байсан билээ.