Энэ эрхмийн үндсэн мэргэжил эдийн засагч. Мэргэжилдээ үнэнчээр хөдөлмөрлөж, үр бүтээл гаргасны учир Намсрайжавын Дүгэрсүрэнг өнгөрсөн зуунд бүртгэл статистик, нийгмийн ахуй үйлчилгээ, биеийн тамир спорт, залуучуудын байгууллагууд салбарынхаа тэргүүний ажилтан болгожээ. Энэ зууны эхээр төр, засгаас түүнийг Алтан гадас одонгоор мялааж, төдөлгүй Гавьяат эдийн засагч цол хүртээн алдаршуулсан билээ.
Энэ удаа алдар хүндтэй эдийн засагчийн тухайд биш, төр, засагт төдийлөн анхаарагдахгүй байсаар буй сайн дурын сайхан үйлсийнх нь талаар баримтад тулгуурлан бичихээр шийдлээ. Иймийн учир “Бүтэн жарны турш бөх гэсээр яваа буурал” гарчиг сонгосон болой. Буурал гэсний учир тэрбээр өдгөө 77 настай. Ная дөхөж явна аа.
1963 оноос оюутан ахуйдаа үндэсний болон чөлөөт бөхийн барилдаанаар нэг ангийн оюутан аугаа Жигжидийн Мөнхбатын багт нэгдэн барилдаж явсныг нь мэдэх хүмүүс цагийн эрхээр цөөрсөөр байна.
Улаанбаатар хотноо 1963 оны арваннэгдүгээр сард гурван улсын уулзалт тэмцээн болоход Н.Дүгэрсүрэн шүүгчээр ажиллаж эхэлсэн удаатай. Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулсан шүүгчид бэлтгэх сургалтад сууж, улсын шүүгч болсноор голдуу бямба, ням гарагт болдог барилдааныг дэнсэлсээр дадлага, туршлага нь ахисаар олон улсын шүүгчийн шалгалт өгч FILA-гийн олон улсын шүүгч болжээ. Мэдлэг, туршлагаа ахиулсаар явсныг нь зүй ёсоор үнэлж, Монголын Дүгэрсүрэнг FILA 2005 онд олон улсын хүндэт шүүгч болгож байлаа. Олон улсын шүүгч эрхэм Монгол Улсын дэвжээнд 55 жил ажиллахдаа дийлэнхэд нь буюу 30 гаруй удаа ерөнхий шүүгчээр ажилласан бүртгэл бий.
1979 оноос Улаанбаатар хотод зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах бөхийн чөлөөт барилдааны тэмцээнийг шүүснээс хойш FILA Монголын Дүгэрсүрэнг ЗХУ, Болгар, Унгар, Герман, БНАСАУ-д илгээж, хариуцлагатай олон тэмцээнийг дэнслүүлсээр байсан юм. Бөх гэхээр зөвхөн шүүгээд л явсангүй ээ. Хагас зууны турш бөхийн барилдааны шүүгчээр ажиллахын зэрэгцээ зах зээлийн амаргүй хугацаанд чөлөөт болон жүдо барилдааны 1-2 тамирчныг өөрийн компанийн ажилтан болгон цалинжуулж гадаад, дотоодын, тэмцээнд зардлыг нь даан оролцуулж явсан буянтан бөлгөө.
Сүүлийн 10 гаруй жил Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, гурван удаагийн олимп, дэлхийн аварга шалгаруулах 10 гаруй тэмцээнд өөрийн зардлаар яваад ирснийг нь бодоход ямагт бөх гэдэг илэрхий.
Монголын бөхийн өргөөг барихад зургаан сая гаруй төгрөг хандивласан нь мөн л сайхан баримт. Бээжингийн зуны олимпын наадамд амжилттай сайхан оролцож, алт, мөнгө, хүрэл медаль авчирсан таван тамирчинд тус бүр 3000 ам.доллар гардуулж урамшуулсан нь аргагүй л спортыг эрхэмлэн дэмждэгийнх нь илэрхийлэл. Өөрийн нутаг Говь-Алтай аймгийн залуу бөхчүүдийг дэмжих, амжилтыг нь ахиулах зорилгоор “Хантайшир” дэвжээ байгуулахаар санаачилж, тухайн үеийн МҮБХ-ны ерөнхийлөгч Р.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, нутгийн зөвлөлийн дарга байсан Т.Билигт болон бөхчүүдийнхээ дэмжлэгтэй ажилласны дүнд 2007-2016 онд Монгол Улсын гарьд хоёр, заан нэг, харцага хоёр, начин ес тодроод байгаа билээ.
Эдгээр амжилтын үндсэн тулгуурын гол нь нутгийн иргэд, бизнес эрхлэгч компанийн дэмжлэг, бас дасгалжуулагчид, тухайлбал улсын начин Д.Бадрах чамлалтгүй үүрэг гүйцэтгэсэн байна.
“Бөх бөх гэсээр явдаг” Н.Дүгэрсүрэн улсын наадам зохион байгуулах багт 1972-2017 онд (бараг тавиад жил) багтаж, зүүн талын хаяавчийн ахлагчаар ажиллаж байна. Оюутан цагийн анд нэг ёсондоо хуурай ах алдарт Ж.Мөнхбатын отгон хүү Даваажаргалыг Японы сүмо барилдаанд хүч сорихоор мордоход нь “Туушин” ХХК-ийн захирал, дүү Намсрайжавын Зоригтоор бүх зардлыг нь гаргуулж, аяны дөрөөг нь сүүгээр мялаасан эрхэм гэвэл Н.Дүгэрсүрэн. Тэгвэл өнөөдөр Мөнхбатын Даваажаргал сүмо барилдаанаар Японд 45 түрүүлчихээд байна. Түүний сүмод үзүүлсэн олон дээд амжилтыг энд бичих зорилт тавьсангүй ээ. “Бөх бөх” гэсээр яваа буурлыг Монгол эх оронд минь бөхийн чөлөөт барилдаан үүсэж хөгжсөний 60 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд манай төр, засаг анхааран баярлуулаасай. Бөхийн төлөө хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө сайхан сэтгэлээр гар таталгүй зориулах залгамж үеийнхэнд үлгэр жишээний хүч тун хэрэгтэй байна даа.
Бэлтгэсэн Р.Чулуун