Өнгөрсөн амралтын өдрүүдэд Гүржийн Тбилис, Батуми хотод болсон эсэргүүцлийн жагсаал мөргөлдөөнөөр өндөрлөв. Гүржийн Парламентын дэд дарга асан Нино Буржаназе тус улсын төв телевизээр “Хувьсгал эхэлж байна” хэмээн мэдэгдлээ. Сөрөг хүчний “Бүх ардын хурал” хөдөлгөөн Ерөнхийлөгч Михаил Саакашвилиг албан тушаалаас нь огцруулахыг шаардаж буй юм.
Унгарт албан ёсоор айлчилж буй М.Саакашвили “Иймхэн зүйлээс болж албан ажлаа тасалдуулахгүй” гэв. Үүний зэрэгцээ Гүржид болж буй үйл явдал цаашид хэрхэн өрнөх талаар олон улсын ажиглагчид өөрсдийн таамаглалыг дэвшүүлж байна. Гүржийн өөр нэгэн сөрөг хүчний “Хүчирхэг Гүрж” нам энэ үймээнийг ОХУ санхүүжүүлж, дэмжиж байна гэж мэдэгдлээ.
Тус намын тэргүүн Гия Тортлазе “ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров сөрөг хүчнийхнийг бүх талаар, тэр дундаа санхүүгийн талаас дэмжинэ гэж амласан” хэмээн өгүүлжээ.
Энэ сарын 26-нд буюу маргааш Гүрж даяар тэмдэглэх “Тусгаар тогтнолын өдөр” сөрөг хүчнийхэн “гэнэтийн бэлэг” бэлдсэн гэж ОХУ-д сууж асан Элчин сайд Эроси Кицмаришвили хэлсэн аж. “Гэнэтийн бэлэг” төрийн эргэлтийг авчрахгүй ч бусад сөрөг хүчний намынхныг тэмцэлд уриална хэмээн ажиглагчид үзэж буй.
Өнгөрсөн бямба гаригт Тбилисийн Эрх чөлөөний талбайд болсон эсэргүүцлийн цуглаанд 10 мянга орчим хүн цугласан нь ч үүнтэй холбоотой гэнэ. Миша огцрох Ёстой гэв Гүржийн Дотоод хэргийн яам, хууль хяналтын байгууллага “Нөхцөл байдал хэвийн байна.
Бид үймээн гаргахгүй байх талаар шаардлагатай арга хэмжээ авч байгаа” гэж мэдэгдсэн билээ. Үүний зэрэгцээ тэд сөрөг хүчний намын байр руу дайран орж, бямба гаригт болсон цуглааныг зохион байгуулсан гэх хүмүүсийг баривчлав. “Миша явах хэрэгтэй”, “М.Саакашвили огцор”, “Ард түмэнд эрх чөлөө хэрэгтэй” гэсэн лоозон барьсан хүмүүс одоо ч Гүржийн нийслэл болон томоохон хотуудад цугласаар байгаа бөгөөд дараагийн жагсаалд 50 мянган хүн цуглана гэж сөрөг хүчнийхэн үзэж байна.
Зарим ажиглагчийн үзэж буйгаар сөрөг хүчнийхэн Засгийн эрхэнд гарлаа гэхэд Гүржийн байдал дээрдэх эсэх нь тодорхойгүй гэнэ. Сөрөг хүчний олон нам хүчээ нэгтгэж, нэгэн зэрэг тэмцээгүй тохиолдолд М.Саакашвилийн дэглэмийг амархан унагах боломжгүй аж.
Х.Одон