Пакистаны баруун хойд мужийн Ланди Котал хотод шатахуун зөөгч машинуудыг үл таних этгээдүүд дэлбэлжээ. Афганистанд үүрэг гүйцэтгэж буй НАТО-гийн цэргүүдэд шатахуун хүргэдэг 14 машиныг дэлбэлсний улмаас 15 хүн нас барсан тухай “Ройтерс” мэдээлэв. Хоёр улсын хилийн заагт орших энэ хотод НАТО-гийн зэвсгийн агуулах байрладаг. Сүүлийн хоёр долоо хоногийн турш агуулах руу үл таних этгээдүүд дайрах нь ихэссэн байна. Ланди Котал хотын Цагдаагийн газрын мэдэгдсэнээр дэлбэрсэн машинуудаас их хэмжээний шатахуун асгарч, ойр орчмын хөрс бохирдсон байна. Түүнчлэн осол гарах үед ойр байсан энгийн иргэд дэлбэрэлтэд өртсөн гэнэ.
“Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладен АНУ-ын цэргүүдэд алагдсанаас хойш Ойрхи Дорнодод халдлага гарах нь олширсон бөгөөд энэ дэлбэрэлтийг ч талибанчууд алан хядагчийн өшөөг авах зорилгоор зохион байгуулсан гэж ажиглагчид үзэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт амиа золиослогчид Пакистаны цагдаагийн газарт бөмбөг дэлбэлсний улмаас 80 гаруй хүн нас барсан билээ. Сайф аль-Адел Лондонг онилов “Аль-Каида”-гийн толгойлогчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Сайф-аль Адел Их Британийн нийслэл Лондонд томоохон халдлага зохион байгуулах гэж буй талаар “Daily Mail” сонин мэдээлжээ. Пакистаны “Техрике талибане Пакистан” бүлэглэл “Аль-Каида”-гийнхантай хэлэлцээр хийсний дүнд ийм шийдэлд хүрсэн хэмээн эх сурвалжуудад дурдсан байна.
“Манай шинэ толгойлогч Осама бин Ладены өшөөг авахаар Лондонд халдлага зохион байгуулна” хэмээн Пакистаны талибууд мэдэгдсэн гэнэ. Их Британийн Цагдаагийн ажилтнууд олон нийтийн газарт нэмэлт хамгаалалт гаргаж, метроны станц, худалдааны төвүүдэд хяналтын тусгай камерууд байрлуулжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама лалын хэт даврагч бүлэглэл үүдийг устгах зорилгоор цэргийн ажиллагаа дахин явуулна гэдгээ мэдэгдсэнийг ВВС дамжуулав. “Пакистаны бүрэн эрхт байдлыг бид хүндэтгэж байна. Гэхдээ АНУ-ын болон бусад орны иргэдийг алж хядах үйл ажиллагааг дэмжиж чадахгүй” гэж тэрбээр онцолжээ.