АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Арабын ертөнцөд гарсан ардчилсан өөрчлөлтийг дэмжиж, Тунис, Египетэд санхүүгийн туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэнийг “АР” агентлаг мэдээлжээ. “Ард түмний жагсаалаар шинэ Засгийн газрыг бий болгож чадсан эдгээр улсад шинэ ажлын байр, дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ зорилгоор тэдний өрийг тэглэх, зээл олгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна” гэж тэрбээр онцлов.
Энэ нь Арабын бусад оронд ч ардчиллыг хөгжүүлэхэд дэм болно хэмээн Барак Обама үзэж байна. Арабын орнуудаас гадна Зүүн Европын улсуудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэх саналыг ч Төрийн департаментад тэрбээр тавьж байгаа юм. Одоогоор АНУ-ын засаг захиргаа нэг тэрбум орчим ам.долларын тусламжийг Египет, Тунист үзүүлээд байна. Мөн Ливи, Сирийн эрх баригчдад хориг арга хэмжээ авснаа зарлав.