Хүчингийн хэрэгт холбогдон, Нью-Йоркийн шоронд хоригдож буй Доминик Стросс-Кан албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэнийг “Ройтерс” дамжуулав. “Би ОУВС-гийн захирлуудын зөвлөлийг орхиж буйдаа их харамсаж байна” гэж тэрбээр өгүүлжээ. Түүнчлэн өөрийг нь буруутгаж байгаа зүйл ор үндэсгүй гүтгэлэг гэж онцолсон аж. Доминик Стросс-Кан “Би одоо гэр бүлээ бодож байна.
Бас сүүлийн гурван жилийн турш цугтаа ажилласан хамт олныхоо нэр хүндэд сэв суулгаж байгаа нь харамсалтай” гэжээ. ОУВСгийн тэргүүн асан Доминик СтроссКаны өмгөөлөгч “Тэр үйлчлэгчийг хүчиндэх гээгүй. Харин бүсгүй бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн” хэмээн мэдэгдэж байна. Түүнчлэн нэг сая ам.долларын барьцаагаар Стросс- Каныг суллах хүсэлтийг прокурорынханд дахин тавьсан аж.
ОУВС-г одоо хэн тэргүүлэх вэ гэдэг асуудал эдийн засагч, улстөрч, ажиглагчдын анхаарлын төвд байна. Францын Сангийн сайд Кристин Лагард, ХБНГУ-ын Төвбанкны захирал асан Аксель Вебер нарын аль нэг нь Стросс-Каны халааг авна хэмээн тоймчид таамаглаж байгаа юм.
“The Daily Telegraph” сонинд мэдээлснээр Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун ч ОУВС-гийн тэргүүнд нэрээ дэвшүүлэх бодолтой байгаа аж. Дэлхийнбанкны захирлаар америк, ОУВС-гийн тэргүүнээр европ хүн томилогддог бичигдээгүй хууль бий.
Ийм учраас АНУ-ын санхүүч, эдийн засагчдыг энэ албан тушаалд томилох талаар яригдах ч үгүй байна. Кристин Лагардыг Шведийн сангийн Андерс Борг тэргүүтэй нөлөө бүхий хүмүүс дэмжиж буйгаа илэрхийлсэн аж. Харин Аксель Веберийг ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель “Энэ ажлыг хийгээд явчихаж чадах хүн” хэмээн үнэлжээ.
Х.Одон