-Олон улсын валютын сангийн тэргүүн Доминик Стросс-Кан зочид буудлын үйлчлэгчийг хүчирхийлсэн хэргээр буруутгагдаж байна-
АНУ-д айлчилсан Олон улсын валютын сангийн тэргүүн Доминик СтроссКаныг Жон Кеннедийн нэрэмжит нисэх онгоцны буудлаас энэ сарын 14-нд баривчилсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Францын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлалтай хэмээн үнэлэгдсэн түүнийг Таимс-скверээс холгүй орших “Sofitel” зочид буудлын үйлчлэгчийг хүчирхийлсэн хэрэгт буруутгав.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркельтэй ням гаригт уулзахаар тохиролцсон Доминик Стросс-Кан Нью-Йоркт нэг хонох байсан аж. Үйлчлэгчийн мэдүүлснээр бямба гаригт тэрбээр Стросс-Каны өрөөг цэвэрлэж байжээ. Энэ үед усанд орсныхоо дараа СтроссКан үйлчлэгчийг хүчирхийлсэн гэнэ. Нэрээ нууцалж буй үйлчлэгч эмэгтэй түүний га раас мултарсныхаа дараа цагдаад хандсан аж. Энэ үед Стросс-Кан Парис нисэхээр онгоцны буудалд хүрэлцэн ирээд байжээ.
Олон улсын валютын сангийн тэргүүн энэ тухай мэдэгдэхдээ “Би ямар ч буруугүй. Үйлчлэгчтэй бэлгийн харилцаанд ороогүй гэдгээ нотлохын тулд би ДНХ-ийн шинжилгээ өгч, шинжээч эмч нарын үзлэгт орохыг зөвшөөрсөн” гэсэн байна. Нью-Йоркийн хамгийн алдартай өмгөөлөгч гэгддэг Бенжамин Брафман түүнийг өмгөөлж байгаа юм. Францын RMC радиогийн мэдээлснээр Доминик СтроссКан үд дунд зочид буудлаас гарч, охинтойгоо хамт хоол идсэн хэмээн өмгөөлөгч нь мэдэгдсэн аж.
Н.САРКОЗИ ӨРСӨЛДӨГЧӨӨ ДАРАХ ГЭВ ҮҮ
Доминик Стросс-Каныг тойрсон энэ шуугианыг Францын Ерөнхийлөгч Николя Саркозитай холбосон нийтлэлүүд дэлхийн хэвлэлүүдэд цацагдаж эхэллээ. Ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн Ерөнхийлөгчийн кампанит ажил аль хэдийнэ эхэлсэн гэж тоймчид үзэж буй. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар францчууд Н.Саркозиг бус Доминик Стросс-Каныг дэмжиж буйг тогтоосон.
Европын өрийн хямрал, ажилгүйдлээс болж нэр хүнд нь буурсан Н.Саркозиг өрсөлдөгчөө дарах зорилгоор ийм явуулга хийсэн гэж үзэж буй хүн олон байгаа аж. Хэрэв Доминик Стросс-Кан буруутай нь тогтоогд вол түү ний улстөрчийн карьерт төгсгөл ирнэ гэж ажиглагчид таамаглаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд одоогийн ажлаа хүлээлгэн өгч магадгүй” хэмээн мэдэгдсэн билээ.
АНХНЫ ТОХИОЛДОЛ БИШ
Болсон явдал Н.Саркозийн явуулга ч бай, эсвэл Стросс-Каны нэр хүндийг унагах гэсэн өөр хэн нэгний санаархал ч бай, нөхцөл байдал ноцтойгоор эргэж болзошгүй байгаа аж. Учир нь одоогоос гурван жилийн өмнө буюу 2008 онд Доминик Стросс-Кан өөрийнхөө удирдлага дор ажилладаг Пироска Надь гэгч эмэгтэйтэй нэр холбогдон шуугиан тарьж байсан юм. Түүнчлэн сэтгүүлч, зохиолч Тристан Банонтой зүй бусаар харилцаж, түүнд бэлгийн дарамт учруулж байсан гэх мэдээлэл ч өмнө нь цацагдаж байжээ. Доминик Стросс-Каны эхнэр Анна Синклер “Энэ бүгд хэн нэгний явуулга, хоосон яриа. Би нөхөртөө итгэдэг. Ямар ч хүнд үед түүнийг дэмжих болно” гэж мэдэгдлээ. Өмнө нь ч тэрбээр ингэж хэлж байсан юм.
БАРЬЦААНД ГАРГАХААС ТАТГАЛЗАВ
Доминик Стросс-Каныг тойрсон дуулиан, таамаглал газар авч байх зуур түүнийг Нью-Йоркийн шоронгоос Райкерс-Айлендын хорих анги руу шилжүүлсэн тухай АР мэдээллээ. Түүний аюулгүй байдлыг хамгаалахын тулд ийм алхам хийсэн хэмээн хууль сахиулагчид тайлбарлаж буй. Стросс-Каныг нэг сая долларын барьцаагаар суллах хүсэлтийг өмгөөлөгч гаргасан ч прокурорынхан татгалзсан аж. Үүний зэрэгцээ Доминик СтроссКан зочид буудлын үйлчлэгчтэй тохиролцож, гомдлоо татаж авахыг санал болгосон нь дээр хэмээн ажиглагчид үзэж байна.
Х.ЧИМЭГ