Энэтхэг, Шри-Ланк хоёр улсын дунд Маннарын булангийн арлууд хэмээх том, жижиг 21 арал бий. Гэвч шүр олборлох ажиллагааны уршгаар хоёр жижиг арал живсэн талаар судлаачид мэдээлэв. Өмнөд Азийн 560 орчим ам километр талбайг хамрах энэ хэсэг газар далай, тэнгисийн хамгийн баялаг, үзэсгэлэнтэй нутагт багтдаг.
Энэ нь 3600 төрөл, зүйлийн ургамал, амьтны өлгий болсон бөгөөд далайн гүнд нь 117 төрлийн шүр байдаг гэнэ. Түүнчлэн 300 мянган загасчин эндээс амьдралаа залгуулж, 2000 жилийн тэртээгээс сувд түүхээр ирдэг байсан түүхтэй.
Ийнхүү хоёр арал живэхэд нөлөөлсөн бас нэг зүйл нь дэлхийн дулаарлын улмаас нэмэгдэж буй далайн усны төвшин хэмээн эрдэмтэд үзэж байгаа гэнэ.
Учир нь зарим жижиг арал нь далайн төвшнөөс дээш ердөө 3-5 метр ил гарсан байдаг ажээ. Тиймээс үлдсэн жижиг арлуудыг хамгаалах тал дээр эрдэмтэн судлаачид болон байгаль хамгаалагчид хамтран ажиллахаар болсон байна.