Сири, Ливаны нутаг дэвсгэрээс палестин иргэд Израилийн хил рүү нэвтрэхийг завдсанаас үүссэн мөргөлдөөний үеэр 10 хүн нас барсан тухай АР мэдээлжээ.
Израиль, Сирийн маргаантай бүс болох Голаны өндөрлөгт болсон энэ мөргөлдөөний үеэр палестинчууд хилийн харуулууд руу чулуу шидэж, гал нээсэн хэмээн Израилийн тал мэдэгдэж байна. Тус улсын хойд хэсэгт онц байдал зарлаж, хилийн харуул хамгаалалтаа чангатгаж, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан тухай “Ройтерс” мэдээлэв.
Үүний зэрэгцээ Сирийн хоёр иргэн мөргөлдөөний үеэр нас барж, 170 хүн гэмтсэн хэмээн SANA агентлаг мэдээлжээ. “Эль-Кунейтра мужийн Айн эт-Тина дүүрэгт жагсаалд оролцож байсан хүмүүс рүү Израилийн цэргүүд гал нээсэн” хэмээн тус агентлагийнхан онцолсон байна.
Түүнчлэн Ливан, Иордан голын баруун эрэгт Израилийн эсрэг цуглаан болжээ. 1948 оны Израиль-Палестиний дайны үеэр 700 мянган палестинийг эх орноос нь хөөн гаргасан үйл явдалтай холбогдуулан жил бүрийн тавдугаар сарын 25-ныг Арабын зарим улс, тэр дундаа Сири, Ливанд “Накбагийн өдөр” хэмээн нэрлэж, Израилийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулдаг аж.
Палестинчууд энэ тухай мэдэгдэхдээ “Facebook”, “Twitter” гэх мэт нийгмийн сүлжээгээр дамжуулан Израилийн эсрэг тэмцэлд хүмүүсийг уриалан дуудаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Х.Одон