Хэнтий аймгийн Баян-Овоо сум хүнсний талонгүй анхны сум боллоо. Энэ талаар тус аймгийн Баян-Овоо сумын засаг дарга Д.Баянмөнхөөс тодрууллаа.
Тэрбээр, “Халамжаас хөдөлмөрт шилжих тодорхой зорилт тавьж, сумандаа ажилсны үр дүнд 2021 оны долоон сарын нэгнээс манай сум хүнсний талонгүй Монгол Улсын анхны сум болсон. Манай суманд нийт хүнсний талон авдаг 11 өрхийн 55 иргэн хамрагдаж байсан.
Халамжаас хөдөлмөрт шилжих нь өнөөдөр яриад маргааш шууд шийдэгдэг асуудал биш. Харин урт хугацааны зорилт, төлөвлөлтийн үр дүн нь мэдэгддэг. Өөрөөр хэлбэл, 2016-2021 оны хооронд халамжаас хөдөлмөрт шилжих зорилтыг сумандаа хэрэгжүүлж, ажилгүй иргэдийг ажлын байраар хангасны үр дүнд халамжийн үйлчилгээнээс татгалзах нөхцөл бүрдсэн. Үүнийг хэрэгжүүлэхдээ гурвалсан гэрээг байгуулсан юм. Тодруулбал, ААН-үүд, сумын засаг дарга болон тухайн хүнсний талоны үйлчилгээ авдаг иргэдтэй гурвалсан гэрээг байгуулж, ажилснаар хүнсний талон авахгүй байх нөхцөл бий болсон. Ажлын байранд түр, байнгын гэсэн хоёр төрлөөр хамруулж буй.
Цаашдаа ажлын байраар хангах нөөц бидэнд бий. Улирлын шинжтэй буюу түр ажлын байр нь орон нутагт элбэг. Жишээ нь хавар айлын яамаа самнах, өвөл нь мал нядлах гэх мэт түр хугацаанд ажиллах ажлын байр зөндөө. Эдгээрт бид удирдлагын түвшинд зохион байгуулснаар халамжаас татгалзаж чадсан” гэлээ.