Японы нийслэл Токиогоос 200 км зайд орших “Хамаока” АЦС-ын гурван реакторыг хаах тухай шийдвэрийг “Chubu Electric Power” компани гаргажээ. АР агентлагийн мэдээлснээр энэ станц цунами болон бусад байгалийн гамшгийн үр дагаварт тэсвэртэй байж чадахгүй гэнэ. Далайн хүчтэй давалгаанаас хамгаалах тусгай байгууламж барьсны дараа станцыг ажиллуулж эхлэх юм байна.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Наото Кан “Хамаока” АЦС-ыг хаах талаар мэдэгдсэн бөгөөд тус станцын оператор компани “Chubu Electric Power” өчигдөр энэ тухай албан ёсоор мэдээлэл хийжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ойрын 30 жилд энэ бүсэд газар найман магнитудын хүчтэй хөдлөх магадлал өндөр байгаа гэнэ. Чиба мужийн эрчим хүчний хэрэгцээний 10 хувийг хангадаг уг станцын ойр орчмын 10 км газарт 80 мянган хүн амьдардаг аж.
Энэ оны гуравдугаар сард болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас “Фүкүшима-1” АЦС-д осол гарч, цацраг идэвхт бодис их хэмжээгээр тархсан билээ. Энэ явдалтай холбогдуулан Японы Засгийн газар бүх АЦС-ынхаа аюулгүй байдлыг шалгаж эхэлсэн юм. “Хамаока”-г хааснаар Японы төв мужууд эрчим хүчний хомсдолд орж магадгүй байна.
Х.ОДОНЧИМЭГ