Саид Моллайн дасгалжуулагч Мохаммед Мансуриг төрийн дээд Алтангадас одонгоор шагнаж урамшуулахаар болсон гэдгийг Биеийн Тамир Спортын Газрын дарга Ц.Шаравжамц мэдээллээ.
Мөн тэрбээр, "Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллаид 60 сая, хүрэл медаль хүртсэн гурван тамирчинд 30, 30 сая төгрөг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн билээ. Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаар дөрвөн тамирчиндаа байр өгөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн.
Тамирчид маань Японоос ирээд 14 хоног хөл хорионд байгаа. Ингээд хөл хорионоос гарахаар нь энэ сарын 25-нд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар тамирчдаа хүлээн авч уулзахаар төлөвлөсөн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Саид Моллаи, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол, олимп дэлхийн хос медалтан болсон Мөнхбатын Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ талаар Саид Моллаи хараахан мэдээлэл аваагүй юм шиг байна. Уг нь Жүдо бөхийн холбоонд энэ талаар дуулгасан. Тамирчдад байр өгөх асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн. Дөрвөн тамирчиндаа дөрвүүлэнд нь байр өгөхөөр болсон. Түүнээс гадна Токиогийн олимпын наадмыг шүүн тунгаасан таван шүүгчид санхүүгийн урамшуулал олгож, хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд ялагдсан тамирчдадаа анх удаа мөнгөн урамшуулал хүртээх асуудлыг ч шийдвэрлэсэн" гэлээ.