ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 улс тавдугаар сарын 9-нийг ажлын бус өдөр хэмээн зарлаж, Оросын Калининградаас Алс Дорнод, Волгоградаас Флигелийн арал хүртэлх газар нутагт 150 гаруй сая хүн Аугаа эх орны дайны ялалтын 66 жилийн ойн баярыг тэмдэглэв. Европын Их Британи, Франц, Бельги, Эстони зэрэг орон ч энэ баярыг тэмдэглэдэг нь Дэлхийн II дайны төгсгөл ганц оросуудын баяр бус юм гэдгийг гэрчилнэ.
Өчигдөр ОХУ-аас гадна Армян, Азербайжан, Эстони, Беларусь, Чех, Бразил, Их Британи, Франц улсад ялалтын баярыг тэмдэглэж, урлаг, соёл, спортын арга хэмжээ зохиосон байна. Өнгөрсөн зууны 41 оны зургадугаар сарын 22-нд эхэлсэн дайнд дөрвөн жилийн дараа буюу 1945 оны тавдугаар сарын 9-нд ялалт байгуулснаа зарласнаас хойш 20 жилийн дараа ЗХУ энэ түүхэн баярыг өргөн тэмдэглэж эхэлжээ.
ОХУ-ын нийслэл Москвагийн Улаан талбайд 09.00 цагт эхэлсэн баярын жагсаалд явган 20 мянган цэрэг, 106 техник, таван нисдэг тэрэг оролцсон тухай “РИА Новости” дамжуулав. Тус улсын Ерөнхийлөгч Д.Медведев, Ерөнхий сайд В.Путин, Батлан хамгаалахын сайд А.Сердюков тэргүүтэй төрийн өндөрлөгүүдээс гадна ахмад дайчид баярын ёслолд оролцож, Нэргүй цэргийн булшинд цэцэг өргөлөө.
“Нацист Германы түрэмгийллийг сөрж, эх орноо хамгаалсан эрэлхэг цэргүүдэд хүндэтгэл үзүүлье. Дайны дараа үнс нурам болсон хотуудын суурин дээр хөгжлийг цэцэглүүлж, анх сансарт нисэж, өнөөгийн Орос улсыг бий болгосон ард түмнээрээ бахархаж буйгаа илэр хийлж байна. Ялалтаар авчирсан бүх нийг хайрлан хамгаалах нь бидний үүрэг” хэмээн Ерөнхийлөгч Д.Медведев баярын жагсаалын үеэр хэлсэн үгэндээ онцолжээ. Москва орчмын хотуудад л гэхэд 70 гаруй арга хэмжээ зохион байгуулж, 250 мянган хүн түүнд оролцсон аж.
66 минут үргэлжилсэн баярын жагсаалын дараа Ерөнхийлөгч ахмад дайчидтай уулзан даршилсан махтай гурвалжин будаа идэж, фронтын “100 грамм” татжээ. Дашрамд сонирхуулахад, Д.Медведев “Дэлхийн II дайны ялагдлын талаар болон ялалтын баярт ХБНГУ зөв байр сууринаас хандаж байна. Өнгөрсөн бүхний тухай дурсах хүмүүс одоо ховордсон ч энэ ялалтыг тус улсын ард түмэн олон орны түүхийн хуудсыг шинээр эхлүүлсэн үйл явдал гэж үзэж ирлээ” гэж мэдэгдэв. Өнгөрсөн жил болсон ялалтын 65 жилийн ойн баярт ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель хүрэлцэн ирсэн юм.
Х.ОДОН