“Аль-Каида”-гийн тэргүүн Осама бин Ладены гэрээслэлийг Кувейтийн “Al-Anbaa” сонин нийтэлсэн хэмээн “The Guardian” мэдээлэв. Тэрбээр 2001 оны арванхоёрдугаар сарын 14-нд гэрээслэлээ бичсэн бөгөөд хүүхдүүддээ “Аль-Каида”-д элсэхгүй байхыг захисан гэнэ. Түүнчлэн эхнэрүүддээ дахин нөхөрт гарахгүй байхыг тушаасан байсан аж.
Дөрвөн хуудас гэрээслэлд Осама бин Ладен бүлэглэлийнхээ зохион байгуулсан халдлагуудыг тоочиж, мөн өөрийнх нь хамгийн дотнын хүн түүнийг дайснуудад зааж өгнө гэдгийг мэдэрч буйгаа илэрхийлжээ. “Al-Anbaa” сонин гэрээслэлийг хэрхэн олсноо нууцалж байна.
Дашрамд хэлэхэд, АНУ-ын тусгай албаныхан Гуанатанамогийн хоригдлуудаас Осамагийн хаана байгааг мэдсэн хэмээн хэвлэлүүдэд бичжээ.