Ачаа тээврийн нөхцөл байдлыг сайжруулахаар Засгийн газраас Замын-Үүд боомтод энэ сарын 6-нд түр ажлын хэсэг томилоод буй. Тэгвэл энэ сарын 6-аас ачаа тээврийн машины тоо нэмэгдэж, өмнө нь өдөрт 100 орчим байсан бол одоо 60 хувиар нэмэгдэж 160 гаруй ачааны машин тогтмол нэвтэрч байгааг Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ. Тодруулбал, өчигдөр 164 ачааны машин хилээр нэвтэрчээ.
Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотод гацаад байсан 2000 гаруй машин ачаа, бараа Замын-Үүд боомтоор нэвтэрч орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, Эрээн хотын гаалийн хашаанд байсан ачаануудыг татсан аж. Үе шаттайгаар татах ажлууд хийх бөгөөд одоо Эрээн хотод буусан, Эрээн хотын гааль дээр бүрдүүлэлт хийгдээгүй ачаанууд бүрдүүлэлт хийгдсэний дараа манайх руу шилжих аж.
Замын-Үүд дэх гаалийн газраас ачаа, тээврийн машины бүрдүүлэлт, хяналт, шалгалтыг цаг алдалгүй шуурхай хийж дуусгах мөн БНХАУ-ын Эрээн хот дахь гаалийн газартай нөхцөл байдлыг сайжруулах тал дээр хамтран ажиллаж, энэ хүрээнд өнөөдөр олон улсын стандартад нийцсэн ариутгалын хаалгыг Замын-Үүд дээр авчирсан байна. Эхний ээлжинд гарах буюу экспортын ариутгалыг хийх бөгөөд туршилтын ажлыг эхлүүлжээ. 40-50 сая төгрөгийн өртөгтэй зун ажилладаг эл ариутгалын төхөөрөмжийг хилээр орж, гарч буй байгууллага, иргэдийн хөрөнгө санхүүжилтээр авсан аж. Харин импортын хэсгийн хаалгыг ирэх сарын эхээр угсарч дуусна гэв.