Ливид томоороо гуравдугаарт ордог Мисурата хот М.Каддафигийн цэргүүд, босогчид, барууны армийнхны тулалдааны талбар болоод байна. Сөрөг хүчнийхэн хотыг эзэлсэн хэмээн мэдэгдэж буй. Харин М.Каддафигийн арми хотыг өөрийн мэдэлд шилжүүллээ гэж зарласан.
Мисурата хотод өчигдөр болсон бөмбөгдөлтийн улмаас 40 гаруй хүн нас барж, 300 орчим хүн шархадсан байна. Хотыг бүсэлсэн танкууд гал нээсний улмаас байшин барилга сүйдэж, дүрвэж амжаагүй энгийн иргэдийн амь эрсэдсээр байгаа юм.
Тэнд сурвалжлагч, сэтгүүлч байхгүйгээс яг юу болж байгаа талаар мэдээлэл тун хомс байгаа бөгөөд тус хотын оршин суугчид дайнаас зугтаж, агуйд бүгжээ. Үүний хажуугаар Бенгази, Ажабия хотыг холбосон замд босогчид М.Каддафигийн армийг отож байгаа гэнэ.