“Чхонан” хөлөг онгоцны сүйрэл, Солонгосынхойгийн буудалцаанаас болж эе эвдэрсэн БНАСАУ-тай БНСУ хэлэлцээр хийхийг зөвшөөрч буйгаа албан ёсоор илэрхийлжээ. Умард Солонгос, БНХАУ-ын хилд орших Пэктусан хэмээх галт уул дэлбэрч магадгүй байгаа нь Сөүл, Пхеньяны уулзалтын гол сэдэв болно хэмээн ажиглагчид үзэж байна.
Ирэх долоо хоногт Өмнөд Солонгосын Мунсан хотод болох энэ уулзалтаар галт уулын болзошгүй дэлбэрэлтийн уршгаас ард иргэдийг хамгаалах арга замыг хэлэлцэх гэнэ. Энэ арга хэмжээний үеэр байгаль судлаачид, галт уулын чиглэлээр судалгаа явуулдаг мэргэжилтнүүд хамтран илтгэл тавихаар төлөвлөжээ.
Солонгосын хойгийн хамгийн өндөр уул Пэктусан дэлбэрвэл хоёр улсад эдийн засгийн ихээхэн хохирол учирна гэж ажиглагчид үзэж буй. БНАСАУ-ын эрх баригчид галт уулын дэлбэрэлтээс сэргийлэх нэрээр БНСУ-тай тохиролцоонд хүрч, харилцаагаа сайжруулахыг зорьж байна хэмээн тоймчид онцлов.