Бахрейний Ван Хамад бен Иса аль-Халифа жагсагчдыг дарж, ялалт байгуулснаа албан ёсоор зарласан тухай “Ройтерс” мэдээлэв. Тэрбээр “Манай улсын тусгаар тогтнолыг унагах гэсэн гадаадынхны санаархал талаар боллоо. Персийн булангийн орнууд ард түмнийг турхирч байсан ч бид тохиролцоонд хүрсэн. Бид яллаа” гэж тус улсын төв телевизээр мэдэгдсэн байна.
Түүнчлэн Вангийн эсрэг хуйвалдаан зохиож байсан хэсэг хүнийг илрүүлсэн, тэдэнд зохих арга хэмжээг авна гэдгээ ч мөн онцолжээ. Түүнчлэн “Жагсаалыг дарахад тусалсан армийнханд талархал илэрхийлье” гэсэн аж. Өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахын тулд Арабын нэгдсэн Эмират улс цэргээ оруулж, мөн сөрөг хүчнийхний тэргүүнийг баривчилсан юм.
Тус улсын нийслэл Манамагийн Сувдан талбайд болсон жагсаалын үеэр хэд хэдэн хүний амь эрсэдсэн билээ. Одоогоор Бахрейнд онц байдал тогтоож, хөл хориод байгаа ч эсэргүүцлийн хөдөлгөөн намжсангүй. Сөрөг хүчнийхэн улс төр, нийгмийн шинэчлэл хийхийг шаардан, шашин хоорондын зөрчлийг эсэргүүцэн жагссаар байна.