Энэ сарын 20-ны шөнө Ливийн армийнхны агаарын цохилтод 48 хүн өртөн нас барж, 150 хүн бэртэж гэмтсэн тухай “АльЖазира” телевиз дамжууллаа. Амь үрэгдэгсдийн дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байжээ. АНУ, Франц, Их Британи улс 19-ний орой тус улсад цэргээ оруулсан билээ.
BBC агентлагийн мэдээлж буйгаар тэд М.Каддафигийн армийн хэд хэдэн танкийг устгасан бөгөөд “Томогавк” пуужингаар тэднийг бөмбөгдсөн байна. Үүний хажуугаар Триполи хотод тулаан үргэлжилсээр байгаа аж. Тус хотын ойролцоо орших М.Каддафигийн өргөө рүү бөмбөгдсөн гэх мэдээлэл ч байна.
М.КАДДАФИ ЗАГАЛМАЙТНУУДАД ДАЙН ЗАРЛАЛАА
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ливийн удирдагчийн эсрэг хориг арга хэмжээ авснаа энэ сарын 17-нд албан ёсоор зарлажээ. Ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, энхийг сахиулах, М.Каддафигийн хууль бус ажиллагааг зогсоох зорилгоор АНУ болон Европын орнууд Ливид цэргээ оруулав.
Ливийн удирдагч М.Каддафи үүний хариуд загалмайтнуудад дайн зарласнаа мэдэгдэж, бүх зэр зэвсгээ дайчлан тэднийг эх орноосоо гаргана хэмээн мэдэгдлээ. “Хойд Африк, Газар дундын тэнгисийн орнууд одоо барууныхны бай боллоо. Үүнээс хойш энэ улсуудын эрх ашигт аюул нүүрлэж эхлэв. Биднийг агаараас бөмбөгдөж буй загалмайтнуудыг хөөж гаргахын тулд ливичүүд одоо тулалдана” гэж тэрбээр улсынхаа төв телевизээр хэлсэн байна.
ОХУ ТҮДГЭЛЗЭВ
ОХУ НҮБ-ын хориг арга хэмжээг дэмжсэн ч цэргээ оруулахаас түдгэлзэж байна. Тус улсын сөрөг хүчний намынхан “Бид барууныхны гар хөл болж байна.
Ливид болж буй үйл явдалд хутгалдах гэж яарсны хэрэггүй” хэмээн эрх баригчдыг шүүмжилжээ. “Шударга Орос” намын гишүүн Семен Багдасаров “М.Каддафигийн дэглэмийг унагах нь хэн нэгэнд ашигтай байж болно. Гэхдээ Орост л биш. Манай улс НҮБын хориг арга хэмжээг дэмжсэн. Гэхдээ цэрэг оруулах нь бодлогогүй алхам” гэсэн аж.
Х.Одончимэг