БНХАУ-ын Сычуань мужийн Кирти хэмээх сүмийн үүдэнд төвд лам өөрийгөө шатаажээ. Түлэгдэж гэмтсэн түүнийг эмнэлэгт хүргэсэн ч хэдэн цагийн дараа нас барсан байна. Төвдийн талаар явуулж буй Хятадын бодлогыг эсэргүүцсэн энэ лам 20 настай байжээ.
Энэ явдлын үеэр сүмийн ойролцоо хэдэн мянган төвд лам цугласныг цагдаа нар хүч хэрэглэн тараасан аж. Түүнчлэн Хятадын эрх баригчдыг эсэргүүцсэн үг хэлсэн хэд хэдэн ламыг баривчилсан тухай гадаадын хэвлэлүүдэд мэдээлсэн байна.