Япон улсад учирсан байгалийн гамшиг, АЦС-д гарсан осол зэрэгтэй холбогдуулан тус улсын эзэн хаан Акихито ард түмэндээ хандаж үг хэлжээ. “Дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэл илэрхийлсэн, мөн туслахад бэлэн гэсэн цахилгаан, захидал авч байна. Бусад ард түмэн биднийг дэмжиж, тусалж байгаад үнэхээр баяртай байгаагаа илэрхийлж байна. Хамгийн хэцүү үед ч бие биенээ орхихгүй хамтдаа байж, сэтгэлийн тэнхээ хайрлах нь бидэнд хамгаас чухал. Тайван байж, гамшгийг давж гарахын төлөө тэмцэцгээе” гэж тэрбээр өгүүллээ.
“Фүкүшима-1” АЦС-д байдал хурцадмал хэвээр байна. Гамшиг дагуулсан цунамигийн улмаас хөргөх төхөөрөмж нь ажиллахгүй байгаа станцад гурван ч удаа дэлбэрэлт болж, тус бүс нутагт цацраг идэвхт бодис тархсан билээ. Мэргэжилтнүүд цөмийн реакторыг хөргөх талаар арга хэмжээ авч, АЦС-ын эргэн тойрноос хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байгаа ч станцын дөрөвдүгээр блокт дахин гал гарсан байна. Ашигласан шатахууныг хадгалж буй савыг хөргөж байгаа усны төвшин эрс багассан нь байдал ноцтойгоор эргэсний илрэл аж.
Блокны байгууламжийн хана цуурсан гэх мэдээлэл ч байна. Түүнчлэн тав, зургадугаар блокт ч дулааны хэм нэмэгдэж байгаа гэнэ. Өчигдөр өглөө АЦС-ын орчимд цацраг идэвхт бодисын хэмжээ ихэссэн бөгөөд 11.10 цагт харин буурах хандлагатай байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. ТЕРСО компанийн мэдэгдэж буйгаар дэлбэрэлтээс гарсан утаанд хорт бодис ихээр агуулагдаж байгаа аж. Цунамид өртсөн мужуудад хүмүүс хүнс, дулаан хувцас, цэвэр усаар дутагдсаар байна. Токиогийн дэлгүүрүүдэд цагаан будаа, сүү, цэвэр ус, талх болон хүнсний ногоо тасалдаж эхэлжээ. Хүнсний дэлгүүрийн үүдэнд урт дараалал үүссэн байна
. Хүмүүс дэлгүүр рүү нэг нэгээрээ орж, зөвхөн шаардлагатай зүйлээ худалдан авч байгааг тэнд ажиллаж байгаа гадаадын сэтгүүлчид онцолж байгаа юм. “Хүмүүс зөвхөн нэг өдрийн хэрэгцээгээ л худалдан авч байна. Хэдий гамшиг тохиолдсон ч хүнсээ нөөцөлж, бөөнөөр нь авахгүй байгаа нь бусдыгаа бодож байгаагийнх” хэмээн “РИА Новости” агентлагийн сурвалжлагч Токиогоос мэдээлжээ. Шатахуун түгээх станцуудад ч ялгаагүй, хүмүүс дараалж зогсон, цаанаас тогтоосон хэмжээгээр л шатахуунаа авч байгаа аж. Тус улсад цахилгаан хязгаарлаж эхэлжээ. Тус улсын АЦС болон ДЦС-ууд мужуудад цахилгаан болон дулааныг тодорхой цагаар хязгаарлаж байгаа гэнэ
Одоогийн байдлаар тус улс бүх АЦС-уудаа түр хугацаагаар хаагаад байна. Цунамигийн улмаас нурсан барилгын нуранги дороос амьд хүмүүс олдсоор байгаа тухай CNN агентлаг мэдээллээ. 12 давхар байшингийн нуранги дор дөрөв хоносон 75 настай хүн амьд байсныг аврагчид олжээ. Одоо тэрбээр эмнэлэгт байгаа бөгөөд биеийн байдал нь сайжрах төлөвтэй бай гаа гэнэ. Японы Зас гийн газраас мэдэг дэж буйгаар одоогийн байдлаар 11 мянган хүн сураггүй болсон гэсэн албан ёсны тоог гаргасан аж.
Түүнчлэн Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэргэжилтнүүд “Фүкүшима-1” АЦСын орчимд амьдардаг 150 хүн цацраг идэвхт бодист хордсоныг тогтоогоод байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээгээр Токиогоос холгүй газар зургаан магнитудын хүчтэй хөдөлсөн байна.
Х.ОДОНЧИМЭГ