Хоногт илрүүлсэн тохиолдол сүүлийн нэг сарынхаа дээд түвшинд хүрлээ
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 10 хоног өнгөрлөө. Гурван нэр дэвшигч сурталчилгааны 15 хоногт багтаан 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар “аялж” яваа. Нэр дэвшигчид ганцаараа бус, штаб, багийнхан нь, бас тухайн аймаг, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, тэдний зөвлөх, туслах гээд олон хүн дагалдаж буй. Энэ нь коронавирус өргөн хүрээнд тархах, цаашлаад халдварын томоохон давлагаа үүсэх, “ногоон” бүс байсан газруудад “Ковид-19” дэгдэх эрсдэл учруулж байна. Халдвар өргөн хүрээнд тархсан, томоохон голомт болсон Улаанбаатар хотоос бүхэл бүтэн “арми” аймгуудыг зорьсон учраас тэр. Түүнчлэн нэр дэвшигчид очсон газар бүртээ олон хүн цуглуулан, коронавирусээс сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг уландаа гишгэх болов. “Халдварын тархалт ихэслээ. Дархлаажуулалтад хамрагдсан ч өвчлөх эрсдэлтэй. Тиймээс хүн бүр халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатай байна. Олон хүнтэй газарт бүү оч. Хэдийчинээ олон хүн цугларна, халдвар авах эрсдэл төдийчинээ нэмэгдэнэ” гэж Эрүүл мэндийн яамныхан өдөр бүр анхааруулсаар буй. Гэвч Төрийн тэргүүнд нэр дэвшигчид үүнийг үл тоох болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг Засгийн газраас баталсан. Уг журмын гурав дахь хэсэгт сонгуулийн сурталчилгааны үед халдвараас сэргийлэх үйл ажиллагааны талаар тусгажээ. Сонгогчидтой хийх уулзалтад оролцогч бүр амны хаалт заавал зүүхээс гадна хүн хоорондын зай 1.5 метрээс багагүй байна гэж журамд дурдсан. Түүнчлэн гар барих, тэврэх зэргийг хоригложээ. Гэсэн ч нэр дэвшигчид сонгогчидтой уулзах үеэрээ гар барьж авхуулсан зураг олон нийтийн сүлжээнд цөөнгүй харагдсан. Мөн уулзалтын танхимуудад иргэд 1.5 метр зай барих нь битгий хэл наалдах шахам сууж байна. Магадгүй иргэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн гэж тайвширсан байх. Гэхдээ дархлаажуулалтад хамрагдсан ч тайвшрах болоогүйг халдварын өнөөгийн байдал сануулсаар буй.
Улаанбаатарт тогтоосон гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 8-наас сулруулсан. Хөл хорионы хугацаанд хаалттай байсан аж ахуйн нэгжүүдийг шат дараатай нээж, тодорхой хэмжээний хязгаарлалт, шаардлага тавьж байгаа. Тухайлбал, үйлчилгээний байгууллагынхан иргэдэд зай барих боломж бүрдүүлэхийн тулд танхимынхаа 50 хувийг л ашиглан үйл ажиллагаа явуулна. Мөн хоёр тун вакцин тариулснаас хойш 14 хоног өнгөрсөн хүмүүст л үйлчилнэ гэх шаардлага тавьсан. Бас бүх төрлийн сургалтад оролцогчийн тоо дээд тал нь 10 байх журамтай. Гэтэл сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчдийн уулзалтад оролцогчдод ийм шаардлага тавьсангүй. Тэр дундаа оролцогчийн тоо заагаагүй нь томоохон эрсдэл дагуулж байна. Өөрөөр хэлбэл, сургалтад 10, сурталчилгаанд хэдэн зуун хүн ч оролцож болох нь. Бас зарим бизнес эрхлэгч “Халдварын тохиолдол 1000-аас давлаа гэж хэдэн сарын турш хөл хорио тогтоож иргэдийнхээ амьжиргааны түвшнийг дордуулсан. Энэ шалтгааны улмаас ихэнх байгууллага, аж ахуйн нэгж одоо ч хэвийн үйл ажиллагаа явуулж чадаагүй байгаа. Гэтэл халдвар ихсээд байгаа атал сонгуулийн сурталчилгаа хийж буй нь шударга бус” хэмээх болов. Хэдийгээр хөл хориог цуцалсан ч гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон хэвээр буй. Энэ хугацаанд олон нийтийн арга хэмжээ, тэр дундаа боловсролын бүх шатны байгууллага үйл ажиллагаагаа зогсоосон. Боловсролын байгууллагууд нь бараг хоёр жил шахам “тэг зогссон” атал сонгуулийн сурталчилгааг өргөн хүрээнд хийх нь үнэхээр л шударга бус байна.
Улсын хэмжээнд 7142 иргэнийг шинжилгээнд хамруулж, 1143-аас нь коронавирус илрүүлснийг ЭМЯ-наас өчигдөр мэдээлэв. Өөрөөр хэлбэл, шинжилгээнд хамрагдсан зургаан хүн тутмын нэг нь халдвар авсан байжээ. Уг үзүүлэлт нь сүүлийн нэг сарын хугацаанд хоногт хамгийн олон хүнээс коронавирус илрүүлсэн тохиолдол боллоо. Тусгаарлалт, хяналтад байсан, халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаас гадна орон нутаг руу явахаар сайн дураар шинжилгээ өгсөн цөөнгүй хүн “Ковид-19”-өөр өвчилсөн нь нотлогдсон гэнэ. Энэ нь коронавирусийн тархалт хумигдаагүй, хүн амын дунд өргөн тархсан хэвээр байгааг илэрхийлэх үзүүлэлт.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн 28 хоног хөл хорио тогтоосны дүнд “Ковид-19”-ийн тархалт тодорхой хувиар хумигдаж, 1000-аас давж байсан хоногийн үзүүлэлт 349-д хүрч буурсан. Харамсалтай нь, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцалснаас хойш 10 хүрэхгүй хоногийн дараа халдвар авсан хүний тоо дахин өсөж эхэлсэн. Манай улсад өнгөрсөн сарын 18-нд 349 иргэнээс коронавирус илрүүлжээ. Үүнээс зургаан хоногийн дараа сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. Тэр үеэс хойш улсын хэмжээнд бүртгэсэн тохиолдлын тоо 600-гаас буурсангүй. Улмаар 700, 800, 900 болж хоног хоногоор нэмэгдсээр өчигдөр 1000-д хүрсэн нь хөл хорио тогтоох үеийнхээс ч өндөр тоо юм.
Нийслэлээс гадна орон нутагт буюу халдвар тархсан аймгуудад ч “Ковид-19”-өөр өвчилсөн хүний тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 22-нд аймгуудад нийт 41 хүн “Ковид-19”-өөр өвчилсөн нь нотлогдсон. Тэгвэл эл үзүүлэлт 25-нд 45, 28-нд 56, 29-нд 87, энэ сарын 1-нд 109 болж нэмэгдсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, аймгуудад өнгөрсөн сарын дундуур хоногт ойролцоогоор 30 хүнээс коронавирус илрүүлж байсан бол энэ долоо хоногоос 100-д хүрч, эрс нэмэгдлээ. “Ногоон” бүс болоход ойрхон байсан, 10-20 хоног шинэ тохиолдол илрүүлээгүй Хөвсгөл, Баянхонгорт дахин халдвар дэгдэв. Мөн Увс, Төв, Баян-Өлгий аймагт “Ковид-19”-ийн нөхцөл байдал хүндэрсэн тул хатуу хөл хорио тогтоолоо. Гэсэн ч үүнийг тоох хүн төдийлөн үгүй бөгөөд Төрийн тэргүүнд өрсөлдөж буй эрхмүүд ч олон нийтэд сэрэмжлүүлж, сануулахгүй, зөвхөн сонгуулийн сурталчилгаандаа л анхаарч байна.
Манай улс хүн амынхаа 56.7 хувийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулсан үзүүлэлтээр Израил, Британи, Канадын дараа дэлхийд дөрөвт бичигдэж байгааг ЭМЯ-наас мэдээлсэн. Гэхдээ энэ нь зөвхөн вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоо. Харин хоёр дахь тунгаа тариулсан нь 39.8 хувь буюу нэг сая гаруй байна. Хоёр тун вакцин хийлгэснээс хойш 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно гэж эмч, мэргэжилтнүүд зөвлөж байгаа. Өдгөө улсын хэмжээнд дархлаа тогтсон байх магадлалтай хүний тоо дөнгөж хагас саяд хүрчээ. Ялангуяа орон нутгийн иргэдийн олонх нь өнгөрсөн сарын сүүлчээр л хоёр дахь тунгаа тариулж эхлээд байна. Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн, судлаачдын багийнхан ч вакцин хийлгэсэн олонх иргэнд энэ сарын дундаас хойш л дархлаа тогтож эхэлнэ хэмээн тооцоолсон билээ. Түүнчлэн вакцин тариулсан хүмүүс ч халдвар авах эрсдэлтэй. Одоогоор дархлаажуулалтад хамрагдсан 11 856 иргэн “Ковид-19”-өөр өвчилжээ. Ингээд үзвэл хүн амын олонх нь халдварт өртөх эрсдэлтэй бөгөөд дархлаажуулалтын үр дүн ирэх намраас гарах боломжтой гэж эрдэмтэд үзэж буй.
Бэлтгэсэн: М.Оч