Ирэх сарын 2-5-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо Петербургийн олон улсын эдийн засгийн 24 дүгээр чуулга уулзалт болно. Уг арга хэмжээний албан ёсны уриа нь “Дахин хамтдаа. Шинэ нөхцөл байдал дахь эдийн засаг”. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцох байх гэсэн хүлээлттэй байна. Уг чуулга уулзалтад Катар Улсын Эмир Шейх Тамим бин Хамад Аль Тани, Австрийн Канцлер Себастьян Курц нар оролцохоо албан ёсоор илэрхийлсэн. Үүний сацуу “Siemens”, “Wintershall”, “Huawei” зэрэг дэлхийн тэргүүлэгч компанийн удирдлагууд энэхүү бизнес арга хэмжээнд оролцох юм.
Чуулга уулзалтын өмнөхөн EY компанийн шинжээчид судалгаа хийж, 2021 онд ОХУ нь гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн ихээр татаж буй Европын арван орны тоонд багтсан гэж мэдээлэв. Баруун Европ нь Оросын эдийн засагт оруулсан хамгийн том хөрөнгө оруулагч хэвээр байна. Герман, Франц, Итали зэрэг улс ОХУ руу оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр тэргүүлж байгаа юм. Мөн тэргүүлэгчдийн эгнээнд АНУ орж байна. Тус улстай 29 төсөл хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ (энэ нь өмнөх оныхоос хоёр дахин их) томоохон хөрөнгө оруулалтыг Азийн орнууд ч хийж байгаа билээ.
Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтаар Барууны хориг арга хэмжээний хямралын талаарх хэлэлцүүлэг нэлээн өрнөх болно гэж шинжээчид таамаглаж байна. Жишээлбэл, АНУ сүүлийн хэдэн жилийн хугацаанд ОХУ-ын эсрэг 90 орчим төрлийн хориг арга хэмжээ авч, үүнд нь төрийн өмчит банкууд, корпорацууд, газрын тос, байгалийн хийн салбар, Засгийн газрын албан тушаалтнууд, томоохон бизнес эрхлэгчид өртсөн. Хэдхэн хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены “Умард урсгал” эрчим хүчний томоохон төслийг зогсоох боломжгүй гэсэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хориг арга хэмжээний үр дүнгүй байдлын талаарх мэдэгдлийг нийтлэв.
Үүний хүрээнд олон улсын худалдааг долларгүй болгох, харилцан тооцож, үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх нь чухал болж байна. Валютын гүйлгээг хялбарчлах нь улс төрийн эрсдэлийг бууруулж, гадаад түншүүдтэй хийх хэлцлийг өртөг багатай болгодог тул Орос, Хятад нь эдгээр үйл явцын зүтгүүр яахын аргагүй мөн.
Монгол Улсын хувьд эдгээр үйл явц нь Оросын Холбооны Улсаас гадна Казахстан, Киргиз, Беларусь, Армени зэрэг улсыг багтаасан Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ярьж байгаа үед сонирхолтой байж болох юм. Үүний зэрэгцээ үндэсний мөнгөн тэмдэгтэд тодорхой хэмжээгээр шилжсэнээр зорчигч тээврийн нисэх онгоц бүтээх, эрчим хүчний инженерчлэл, газрын хэвлийн баялагийг ашиглах, зам барих чиглэлээр ОХУ-тай хамтарсан хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг хялбарчлах болно.
Монгол Улс Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын оролцогч болсноор коронавирусийн цар тахлын дараах эдийн засгаа сэргээх арга замыг тодорхойлоод зогсохгүй дэлхийн эдийн засгийн хөгжлийн үндсэн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжтой болно гэж үзэж байна.
Б.НАНСАЛМАА