Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхээр “Транс” банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожиловт холбогдох хэргийг хэлэлцэхийн өмнөхөн буюу өнгөрсөн есдүгээр сарын 6-нд тэрбээр оргож өдгөө хүртэл сураггүй байгаа.
Тэрбээр банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2006-2008 онд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг баталгаагүй барьцаагаар зээл олгож 2.5 тэрбум, барилга засварын ажил нэрийн дор хуурамч гэрээ хийж 290 сая төгрөгийг хувийн харилцах дансандаа шилжүүлж завшсан юм. А.Е.Новожилов ОХУ-ын 62856 дугаартай паспортаар манай улсад орж ирээд, Чингэлтэй дүүргийн нутаг, хуучнаар “Ард” кино театрын хойно байрлах “Жүр- Үр” компанийн барьсан орон сууцанд амьдарч байжээ.
Тэрбээр 71-53 УБЦ улсын дугаартай “Тоёота Секиюа” маркийн автомашин эзэмшдэг байсан бөгөөд машин нь ч алга болсон юм. Харин саяхан уг машиныг автомашин барьцаалж зээл олгодог нэгэн ломбарданд тавьсныг нь олж хураан авчээ.
Ингэснээр уг ломбард А.Е.Новожиловыг олж саатуултал багагүй хэмжээний мөнгөөр хохирч байгаа аж. Цагдаагийнхан А.Е.Новожиловыг орон даяар эрэн сурвалжилж манай хилийн нэг жижиг боомтоор гарсныг тогтоожээ. Энэ талаар хууль хяналтын байгууллагынхан “А.Е.Новожилов манай зүүн аймгийн хилийн боомтоор гарсныг тогтоосон.
Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Баттай эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Ульханы боомтоор хил давсан нь тогтоогджээ.