БНСУ-ын 13 иргэн Буянт-Ухаа дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 13.3 кг алт гаргах гэж байгаад тагнуулынханд саатуулагдсан юм. Тэдний заримыг хилээр гаргасан, БНСУын ЭСЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудын хүсэлтээр батлан даалтад гаргасан гэх мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр гарсан.
Энэ хэргийн явцын талаар ТЕГ-ын болон Нийслэлийн прокурорын газрын албаны эх сур валжаас тодрууллаа. ТЕГ-ын эх сурвалж “Шулуун гэдсэндээ алт нууж хилээр авч гарахыг завдсан БНСУ-ын 13 иргэнд холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа. Тэднийг батлан даалтад гаргасан, нутаг буцаасан гэдэг нь худлаа. Яллагдагчдыг Цагдан хорих төвд саатуулсан хэвээр байгаа.
Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой болохоор өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж хилээр гарсан гэх мэдээллийг мөн няцаасан бөгөөд мөрдөн байцаалт дуусаагүй, прокурорт хэрэг шилжиж ирээгүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр тэд анх эрхээ хамгаалуулахаар хөлсөлсөн өмгөөлөгчдөө сольсон гэнэ.
Мөрдөн бай цаалтад тулгарч буй бэрхшээл нь солонгос хэлний албан ёсны орчуулагчаар хэлмэрчлүүлэх, хуулийг тэдний хэлээр орчуулуулах гээд нэг хүнээс байцаалт авахад бараг бүтэн өдөр зарцуулж байгаа аж.
Мөрдөн байцаалтын явцад солонгосчууд нэгнийхээ ятгалгаар ийнхүү алт гаргахаар болж “Сүнжин гранд” зочид буудалд бие биенийхээ шулуун гэдэс рүү алт хийснээ мэдүүлсэн аж.
Түүгээр зогсохгүй тэдэнд алт худалдсан монголчуудыг ч тогтоож тайлбар мэдүүлэг авсан гэнэ.