“Уламжлал-шинэчлэл, ардчилал- шударга ёс” жигүүрийн ерөнхий зохицуулагч Н.Удвал, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нарт МАН-ын үзэл баримтлал таалагдаагүй учир бууриа сахин үлдэхээ мэдэгдээд байгаа билээ. МАН-ын Хяналтын ерөнхий хороо Дорнод аймгийн шүүхэд тэднийг өгсөн гэх мэдээлэл цацагдсан.
Тэднийг яагаад шүүхэд өгсөн талаар МАН-ын хяналтын ерөнхий хороо болон хэвлэл мэдээлэл хариуцсан албаны мэргэжилтнүүдээс тодруулсан боловч мэдэх хүн олдсонгүй. Харин Дорнод аймгийн Засаг дарга Л.Жанлав “Ц.Шинэбаяр болон Н.Удвал нарыг шүүхэд өгсөн мэдээлэл манай аймагт ирээгүй” гэв. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяраас энэ тухай тодруулахад “Надад хэн ч ямар ч мэдэгдэл өгөөгүй.
Юу болоод байгааг сайн мэдэхгүй байна. Энэ тухай мэдээллийг хэвлэлээс уншлаа. Хяналтын зөвлөлийн даргаас асуусан чинь намайг шүүхэд өгснийг мэдээгүй гэж байна” гэв. МАХН-ын Ёс зүйн хороон даргын үүрэгт ажлаас өнгөрсөн аравдугаар сард чөлөөлөгдсөн Н.Удвал “Надад хийсэн хэрэг байхгүй болохоор айх юм алга. Ямар учиртайг мэдэхгүй байна” гэлээ.
Б.МАРТ