Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторийн барилга барьж байсан БНХАУ-ын иргэд “Скай” худалдааны төвийн харуулыг зодож, улмаар дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтнуудад халдан хүнд гэмтээсэн хэрэг өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр гарсан. Тухайн үед барилга дээр ажиллаж байсан хятадууд нутаг буцаж, зургааг нь манай цагдаагийнхан цагдан хорьсон. Мөн Бээжингийн онгоцоор хил гарах гэж байсан гурван хятадыг нэмж саатуулсан билээ.
Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт удааширч, энэ хооронд хохирогч цагдаагийн алба хаагчид эмнэлгээр явж гэмтэл бэртэлээ эмчлүүлсэн ч биеийн байдал нь сайжрахгүй байгаа юм. Энэ хэрэг хэрхэж байгаа талаар өчигдөр холбогдох хууль хяналтын байгууллагын албаны эх сурвалжаас тодруулахад “Манай хоёр улс 1989 оны наймдугаар сарын 31-нд Улаанбаатарт хоёр улсын эрх бүхий албан тушаалтнууд харилцан гарын үсэг зурсан “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ”-ний заалтын дагуу Лю Кай Мин нарт холбогдох хэргийг өмнөд хөршийн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.
Улмаар яллагдагч нарыг ч шилжүүлэн өгсөн” гэлээ. Өөр нэгэн эх сурвалж “БНХАУ-ын талд Лю Кай Мин нарын есөн хүнд холбогдох хэргийг БНХАУ-тай эрхзүйн талаар харилцан туслалцах болон Гэмт этгээд шилжүүлэн өгөх тухай гэрээний дагуу тус улсын талд хүлээлгэн өгсөн нь үнэн. Учир нь уг хэрэг явдал болмогц Бээжингийн онгоцоор тэнд байсан хятад иргэдийг нутаг буцаасныг хэвлэл мэдээллийнхэн та бүхэн санаж байгаа байх.
Тэр үед уг хэрэгт оролцсон гол гол сэжигтнүүд нутаг буцсан. Энд саатуулагдсан есөн хүн нь уг зодоонд голлон оролцоогүй нь шалгалтаар тогтоогдсон юм. БНХАУ-ын холбогдох албанд саатуулагдсан иргэдийн ар гэр нь хүсэлт удаа дараа тавьсан юм билээ. Улмаар тус улсын талаас манай ГХЯ-аар дамжуулан холбогдох газруудад хүсэлт тавьж хэргийг шилжүүлсэн.
Тэд хохирогч цагдаагийн ажилтан болон хамгаалагч, тухайн үед монголчуудаа өмөөрч зодоонд оролцсон 10 гаруй хүнд хохирлын мөнгө гэж тус бүрт нь 10 гаруй сая төгрөг өгсөн. Улмаар гомдолгүй гэсэн бичиг хийлгэж аваад нутаг буцсан. Жижиг улсын зовлон гэж хэцүү юм даа. Манай улс Л.Байгалмаа, Б.Дамдин нарыг авах талаар хүсэлт тавиад ч шилжүүлэн авч чадахгүй байгаа шүү дээ” гэсэн юм.
Хятадуудад зодуулж гэмтсэн цагдаагийн алба хаагч Алтансүхийн эхнэр У.Баярцэцэгээс хохирогчийн биеийн байдлын талаар тодрууллаа. Тэд уг хэргийн холбогдогч хятадуудыг нутаг буцаасныг ч мэдээгүй байв.
-Танай нөхрийн бие ямар байна вэ. Эмчилгээ нь нэг их үр дүнд хүрээгүй ч ажилдаа орсон тухай сонслоо?
-Нөхөр маань албан үүргээ гүйцэтгэж байгаад Хан-Уул дүүргийн нутагт хятадуудад зодуулж, тархиндаа гэмтэл авсан. Өвчний учир ажлаа хийхгүй гурван сар буюу 90 хоног өнгөрвөл цагдаагийн байгууллагаас групп тогтоон ажлаас нь чөлөөлдөг юм билээ. Манай нөхөр айлын ганц хүү. Ар гэрээ тэжээж байгаа хүн нь шүү дээ. Тиймээс өвчин, гэмтэл нь гүйцэд эдгээгүй, зовиуртай байгаа ч гэсэн ажилдаа саяхнаас орсон. Алтансүх толгой руугаа арматур төмрөөр цохиулсны улмаас тархинд нь цус хуралт үүсч, хавагнасан байгаа. Үүнээсээ болж шөнө унтаж чадахгүй, заавал эм ууж байж унтдаг болсон. Хамт явсан цагдаа нь ч гэсэн удаан явж чаддаггүй болсон гэсэн.
-Холбогдогч хятадууд эмчилгээний зардал хохирлыг чинь гаргаж өгсөн гэсэн үү?
-Бидэнд эмчилгээний зардал гэж таван сая төгрөг өгсөн. Гэвч уг мөнгө олон эмнэлэг тойрч хэвтэн, эмчилгээ хийлгээд дууссан. Хохирол гэж мөнгө өгөөгүй шүү дээ. Бид хэргийг үнэн зөвөөр шийдүүлж, хохирлоо гаргуулж авахыг хүсэж, Улсын мөрдөн байцаах газарт өргөдөл хүсэлт гаргасан байгаа. Гэвч тэндээс ямар нэгэн хариу ирэхгүй удаж байна.
-Хохирлын мөнгө гэж 10 гаруй сая төгрөг өгсөн. Улмаар гомдолгүй гэж бичүүлж аваад хятадууд нутаг буцсан гэсэн мэдээлэл холбогдох албанаас бидэнд өгсөн шүү дээ.
-Тийм үү. Бид энэ талаар мэдээгүй. Тэгвэл албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн хоёр алба хаагч хохироод үлдэх юм байх даа гэв.
Г.РАВЖАА