Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн тохиолдол үе үе илэрч, хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна гэх мэдээлэл гараад өнгөрдөг. Хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдэж гүйлгээнд оруулахыг завдсан, ийм мөнгөөр эд зүйл худалдан авсан тохиолдол өнгөрсөн жилүүдийг бодвол харьцангуй цөөн гарсан гэж цагдаагийн байгууллагын ажилтнууд өгүүлсэн юм.
Өнгөрсөн 2009 он болон түүнээс өмнөх жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг олон удаа гарч, холбогдогч нар нь мөнгөн дэвсгэртийг олноор нь хуурамчаар хийж байсан. Энэ төрлийн гэмт хэрэгт цагдаагийн ажилтан хүртэл холбогдож байсан талаар эх сурвалж ярив. Тодруулбал, Төмөр замын цагдаагийн хэлтсийн ажилтан Л.Жадамба хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийж байжээ. Тэрбээр уг мөнгөө галт тэргээр авч явж Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Зүүнхараад аваачиж гүйлгээнд оруулж байсан нь нотлогдож, үүндээ ял шийтгүүлсэн аж.
Өнгөрсөн жилүүдийн тоо баримтаас харж байхад энэ төрлийн гэмт хэрэгт 18- 35 насны залуус холбогдож байгаа бөгөөд компьютер, өнгөт принтер ашиглан голдуу хийж байсан гэдэг. Одоогоос хоёр жилийн өмнө Чингэлтэй дүүргийн нутаг, Уртцагаанд үйл ажиллагаа явуулж байсан хэвлэх цехийн залуус нийлж, хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдэн гүйлгээнд оруулсан юм. Тэдний үйлдсэн 10 мянгатын мөнгөн дэвсгэрт ямар нэгэн нууцлалгүй, бичгийн цаасан дээр буулгасан байсан юм.
Хуурамчаар мөнгөн дэвсгэрт хийж, гүйлгээнд оруулахыг завдсаныхаа төлөө тэд Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйлд зааснаар хоёроос дээш жил хоригдох ялаар шийтгүүлсэн байна. Хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулсан, үйлдсэн хүмүүс цагдаагийнханд өрөө төлөхийн тулд гэсэн тайлбар өгдөг байна. Тухайлбал, 2009 оны есдүгээр сард Булган аймаг дахь “НИК-Петровис” компанийн шатахуун түгээх станцын ажилтан 23 настай Б гэх залуу, 37 настай Ц гэдэг эмэгтэй нар 1191 ширхэг буюу 11 сая 910 мянган төгрөг хуурамчаар үйлдсэн. Улмаар уг мөнгөө тус аймаг дахь ХААН банкны салбарт ШТС-ын орлогод тушаах гэж байгаад баригдсан аж.
Тэдний үйлдсэн 10 мянгатын дэвсгэртүүд ямар нэгэн нууцлал байхгүй, “Canon LBP 5050” маркийн өнгөт хэвлэгч, “ASUS” маркийн компьютер ашигласан байсан юм. Тэд цагдаагийнханд “ШТС-ынхаа орлогын их хэмжээний мөнгийг үрэгдүүлсэн, түүнийгээ нөхөхийн тулд хуурамчаар мөнгө үйлдсэн” гэж мэдүүлсэн байна. Түүнээс гадна гадаадын иргэд ч хуурамч валют авчирч, гүйлгээнд оруулахыг завдсан. Казахстан улсын хоёр иргэн ма - най валют арилжааны захад нэлээд олон евро солиулжээ.
Нэг бүрийг нь 500-тын дэвсгэртээр солиулсан уг валют нь хуурамч байсныг холбогдох хүмүүс нь мэдэж цагдаагийн байгууллагад хандсанаар ноцтой хохирол учраагүй аж. Тэд манай улсаас автомашин худалдаж авахын тулд ийнхүү хуурамч валют үйлдсэн нь тогтоогдсон аж. Сүүлийн үед гарч байгаа хуурамч мөнгөн дэвсгэрт ашиглах гэсэн хэргүүд тэр даруйдаа илэрч байгаа нь иргэдийн сонор сэрэмж өндөр болсон, Монголбанк болон цагдаагийн байгууллагаас мөнгөний нууцлалын талаар иргэдэд байнга мэдээлэл түгээж байгаатай холбоотой болсон гэнэ.
Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн зун байрны хонгил түрээсэлж хуурамч мөнгөн дэвсгэрт хийж байсан Х.Ганхуягийг цагдаагийнхан саатуулсан. Тэрбээр 100 ширхэг 10000-тын дэвсгэрт үйлдэж, хоёр найзынхаа хамт гүйлгээнд оруулах гэж байгаад баригдсан юм. Тэд 900 мянган төгрөгийн өрөө дарахаар хуурамч мөнгө хийсэн гэж мэдүүлсэн бөгөөд мөнгөнийх өө нэг ширхгээр Хархорих захаас бараа худалдаж авснаа ч тайлбарласан байна. Гэвч зарим хүн хотын захын дэлгүүр, ШТС-аар хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсаар байгаа аж.
Гүйлгээнд ч цөөн тооны хуурамч мөнгөн дэвсгэрт ашиглагдаж байж болзошгүйг Төвбанк болон цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээлсэн юм. Гэхдээ жилийн эцэс болоход холбогдох байгууллагууд шалгалт хийж, мөнгөн дэвсгэртүүдийн сери, дугаарыг нь шалгаад, хуурамч, серийн дугаар нь давхацсан байвал түү нийг илрүүлж, гүйлгээнээс шахах арга хэмжээ авдаг аж. Тиймдээ ч манай улсын бэлэн мөнгөний эргэлтэд хуурамч мөнгө олны анхаарлыг татахаар, нийгэмд хор учруулах хэмжээнд хүртлээ ороогүй гэдгийг холбогдох албаныхан баталж буй юм. Гэхдээ л хуурамч мөнгө гүйлгээнд орохоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагын ажилтнууд анхааруулж байна.
Г.РАВЖАА