Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын өчигдрийн шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарт цаазаар авах ял оноосон хоёр хэргийг хянан хэлэлцлээ. Тэдгээрийн нэг нь Орхон аймагт хүний амь бүрэлгэсэн Ц.Амгаланбаатар, Б.Жаргалсайхан нарт холбогдох хэрэг байсан бол нөгөө нь хилчдийн гэх тодотголтой Э.Оюунболд, М.Тулга, Г.Лхагважав, Р.Энхжаргал нарын хэрэг байв.
Хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболд, М.Тулга, Г.Лхагважав нарт ногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ. Мөн Р.Энхжаргалд оногдуулсан 25 жилийн хорих ялыг ч хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
Тэд 2009 оны арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Улаан-Уулын хилийн отрядын Шанагын заставын харуулын байранд үүрэг гүйцэтгэж байхдаа дарга нараа буудаж гурван хүний амь хөнөөж, хоёрыг нь шархдуулан, долоон хүнийг барьцаалсан хэрэг үйлдсэн юм.