Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Уг хуралдаанаас шүүхэд эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд нөлөө болохуйц нэгэн шийдвэр гаргасан байна. Энэ нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлэх тухай тогтоол аж.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулж, ажиллуулснаар хэргийг мэргэшсэн шүүгчид хянан шийдвэрлэх боломжтой болж, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн давхардал арилж, тухайн шүүхүүд шат шатандаа шүүх эрх мэдлийг бие даан хэрэгжүүлэх боломжтой болох гэнэ.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдаанаас мөн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Д.Нацагийг Баянхонгор аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх болон зарим шүүгчид тусламж олгох асуудлыг хэлэлцэн тогтоол гаргасан байна. Түүнчлэн зарим шүүгчийн зэрэг дэвийг шинээр болон нэмэгдүүлэн олгохоор шийдвэрлэжээ.