2019 оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг шүүхээс хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил хорих ял оногдуулсан билээ. Тэгвэл түүнийг шүүхээс арванхоёрдугаар сарын 11-нд буюу өнгөрсөн тав дахь өдөр магадлангийн хурлаар оруулж сулласан байна. Тэрбээр нэг жил, нэг сар хоригдоод ийнхүү суллагдлаа.
Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон байдаг. Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг юм.