ЭХ ОРОНЧ БУС ИМПОРТ
“Өнөөдөр үйлдвэрлээд маргааш баяжна” гэх социалист нийгмийн сэтгэлгээгээр чийглэг дулаан уур амьсгалтай орнуудын бяслагийг Mонголд хамгийн анх “Сүүн билэгдэл” компанийн захирал С.Цэцгээ хийж эхэлжээ. Тэрбээр бяслагийн мэргэжилтэн бөгөөд 1994 онд Өвөрхангай аймгийн Уянга, Хайрхандулаан, Эрдэнэсант сумд бяслагийн гурван цех байгуулсан аж. Тухайн үед хүмүүс бяслагийн талаар ойлголтгүй тул зах зээлийн эрэлт, нийлүүлэлт муу бөгөөд худалдан авагч нь Элчин сайдын яамд, “Меркури” захаар хязгаарлагдаж байв. Нэг тонн бяслаг үйлдвэрлээд, зарагдахгүй учир эргэлтийн хөрөнгөгүй болж, дараа нь монгол аргаар бяслаг хийтэл технологи алдагдаж, хоёр тонныг ууланд өргөсөн зэрэг алдагдал их. Орон нутагт цахилгаангүй, өөрсдөө гал түлж, мэргэжлийн хүмүүс авч ажиллуулан бяслаг үйлдвэрлэсэн ч зах зээлийн зарчмаар 1999 онд “хаалгаа” барьжээ. 2000 он гараад бяслагийн үйлдвэрлэл эрхэлдэг шинэ компаниуд бий болсон ч эрэлтгүй тул нийгэмд танигдаж амжилгүй үүдээ барьж, энэ чиглэлийн бизнес эрхлэх нь цөөрч, бяслагийн зах зээл хумигдсан аж. Одоогоор Монголд бяслаг хийдэг 8-9 компани бий. Тэд жилд 50-100 тонн бяслаг үйлдвэрлэдэг. Харин импортоор жилд дунджаар 1000 тонн бяслаг авдаг. Үйлдвэрлэгчид Швейцар, Франц, Альпийн нуруу зэрэг чийглэг дулаан уур амьсгалтай оронд үйлдвэрлэдэг хагас хатуу, хатуу бяслагаас эхлүүлээд гоуда, чеддар, гриери, моцарелла гэх мэт дэлхийд алдартай 18-19 төрлийн бяслагийг эх орондоо “урлаж” буй. Дотоодын бяслаг үнийн хувьд
“Силк роуд” компанийн бяслаг, “Тува-Яки” сарлагийн бяслагийн нэг килограмм нь 40-45, харин бусад үйлдвэрийнхэн 30-35 мянган төгрөгөөр худалдаалж байна. Харин импортын бяслагийн хувьд нэг кг нь 80-100 мянган төгрөг байгаа юм. Гаалийн ерөнхий газрын статистикаас харахад манай улс Австрали, АНУ, Аргентин, Беларусь, БНСУ, БНСУ, БНХАУ, Дани, Итали, Польш, Турк, Францаас энэ оны эхний 10 сарын байдлаар 1595 тонн бяслагийг 1.8 тэрбум төгрөгөөр импортолжээ. Үүний ихэнх хувийг моцарелла эзэлдэг тул зах зээлд хамгийн их борлуулалттай. Импортын бяслагийн 10-20 хувьд нь сүү, үлдсэн хэсэгт нь дүүргэгч бодис хийсэн гэж бяслаг үйлдвэрлэгчид үздэг. Дотоодын бяслаг цэвэр органик төдийгүй хүний биед 98-99 хувь шингэж, эм болдог аж. Тухайлбал, сарлагийн бяслаг A, D, E, B1, B2, B12, C витамин агуулдаг. Учир нь сарлаг зуны сард гурван мянган метрийн өндөрт бэлчиж, ховор ургамлаар хооллон, өдөрт бага хэмжээний сүү өгдөг. Сүүний 10 хувь нь бяслаг болдог гэнэ. Өнгөрсөн аравдугаар сард болсон, бяслагийн баярын үеэр оролцсон сонирхогчид “Манайхны бүтээгдэхүүн Швейцараас оруулж ирж буй органик бяслагуудаас үнийн хувьд хямд атлаа чанарын ялгаагүй” гэж байв. Үүнээс бяслагийн зах зээл аажмаар тэлж буй гэж хэлж болох ч энэ нь өнгөц гэхэд буруудахгүй. Тухайлбал, манайх 2020 оны эхний 10 сард 40 тонн бяслагийг 609 сая төгрөгөөр экспортолжээ. Эндээс харахад бяслагийн экспорт, импортын хэмжээнээс хэд дахин бага байна. Эх оронч бус импортын үр дүнгээр дэлгүүр ороход л хамгийн гоё өрөлттэй, хүний нүдэнд тусах тавиурт гадаадын бяслагууд төрөл бүрээр, харин дотоодын чанартай нь хамгийн доод талд байх жишээтэй. Зах зээл нь жижиг учраас бяслаг үйлдвэрлэгчид “шатахгүй” гэсэндээ маш бага хэмжээний бүтээгдэхүүн хийдэг. Тодруулбал, дотоодын зах зээлийн 5-10 хувийг л тэд бэлтгэж буй.
Бяслагийн үндсэн түүхий эд нь сүү. 10 литр сүүнээс нэг килограмм бяслаг үйлдвэрлэнэ. Бойжуулагч хөрөнгө, бэхжүүлэгч нэмэлтээр ордог. Эдгээр бүтээгдэхүүнийг ашиглан олон төрлийн бяслаг хийж болно. Монголчуудын бяслаг хийх уламжлалт арга нь сүүгээ шахаж, хатаан, долоо хоногийн дараа бяслаг болдог бол соёл болтлоо хөгжин дэлгэрсэн газрын бяслагийг 1-2 жил хийдэг. Энэ хугацаанд бяслагаа бойжуулахыг нь бойжуулж, дахин шахахыг нь шахаж, илүү сайн хатаах зэргээр жинхэнэ “бяслагчин” хүний ур ухаан ноу-хаугаа ашигладаг аж. Жинхэнэ бяслаг урлаач нь өрөөстэй хадгалсан бяслагуудаа он сар, өдрөөр нь ялгадаг гэнэ. Энэ утгаараа бяслаг хийж буй хүнийг гурван жил ажлаас нь битгий хал гэж үйлдвэр эрхлэгчид хэлдэг. Тухайлбал, “Сүүн билэгдэл” компани зургаан жилийн хугацаанд бяслаг урлаачдынхаа ур чадварыг хөгжүүлж, одоо л хийх арга барил, технологио боллоо гэж үзэж буй. Тэд 300 литр сүү авч, хоёр төрлийн бяслаг дээр тус бүр нэг хүн ажиллуулдаг. Бяслаг урлаачид ховор байдаг нь энэ төрлийн бизнесийн бэрхшээл нь юм. Мөн бяслагийн түүхий эд болох сүүнээс амт, чанар ихээхэн шалтгаалдаг байна. Тиймээс сүү бэлтгэл бяслаг урлахад хамгийн чухал нь. Гэтэл алслагдсан бүс нутгийн сүү бэлтгэл зохион байгуулалтад ороогүй. Малчин айлын гэрийнх нь гаднаас сүүг нь худалдаж авахад ихэнх нь аймгийн төвийн сүүний ханштай ижил үнээр зардаг гэнэ. Түүнчлэн үнээндээ вакцин тариад, өрөм цөцгийг нь авчихаад, заримдаа хөөрүүлсэн сүүгээ хөөрүүлээгүй сүүтэйгээ хольж зарах зэргээр асуудал тулгардаг аж. Үүнээс гадна үйлдвэрлэл эрхлэхэд эргэлтийн хөрөнгө зайлшгүй хэрэгтэй.