Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нэг сарын хугацаанд танай байгууллагаас хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр ямар ажил хийв?
-Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс болон “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай албан даалгавар, онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу салбарын хэмжээнд ажиллаж байна. Агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн хүүхэд хамгааллын мэргэжлийн анги буюу 8-20 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг ажиллаж, эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүл, хүүхдэд шаардлагатай хоол хүнс, түлш, дулаан хувцасны дэмжлэг үзүүлэн, сэтгэл зүйн үйлчилгээг цахимаар, утсаар, мөн биечлэн үзүүлэн, хянаж байгаа. Тухайлбал, өдөр бүр аймаг, нийслэл, дүүрэг, харьяа газруудаас цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл авч, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлдэг. Халдвар гарсан бүс нутагт илүү анхаарч, хүнсний дэмжлэгийг орон нутгуудад хүргэсэн. Нийгмийн хамгааллын шуурхай штаб байгуулж, өрхийн судалгааг холбогдох байгууллагуудаас нэгтгэж авлаа. Үүний хүрээнд тусламж шаардлагатай 11.2 мянган өрхөд дэмжлэг үзүүлсэн. Үүнээс 8485 нь орон нутгийнх.
-Эцэг, эх, асран хамгаалагч нь коронавирусийн халдвар авч, тусгаарлагдсан иргэдийн хүүхдэд нь хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Манай байгууллагын дэргэдэх хүүхдийн тусламжийн 108 дугаарын утасны үйлчилгээний төвд энэ төрлийн дуудлага, мэдээлэл хүлээн авахаас гадна 21 аймаг, нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийнхэн утсаар мэдээлэл хүлээн авч байгаа. Эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийг илрүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажилласан. Орон нутагт Боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн “Хамгааллын баг”, цэцэрлэгийн багш, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, эцэг, эх нь хөл хорионд, эсвэл тусгаарлалтад орсон гэр бүлийн хүүхдэд анхаарал хандуулж байна. Тухайлбал, орцны жижүүр эмэгтэйн хүүхдүүдийг түр хамгаалах байранд байрлуулсан. Тэдний эрүүл мэнд хэвийн, сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлж буй. Ээжтэй нь байнга утсаар холбогддог. Энэ өвчнөөр хэн ч өвдөж болно, гэхдээ эдгэрдэг гэдгийг мартаж болохгүй. “Ковид-19” цар тахлын үед хүний эрхийг дээдэлж, хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргаж ажиллах нь чухал. Ялангуяа өвчилсөн болон тусгаарласан иргэн, хүүхэд, гэр бүлийг ялгаварлан гадуурхах үзэгдэл гарсаар байгаа нь харамсалтай. Өвчилсөн, тусгаарласан, гэрийн хяналтад байгаа иргэн, өрхийн нэр төрд халдсан, эд материалаар хохироосон тохиолдол ч гарсан. Хүний эрхийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцдог гэдгийг санах хэрэгтэй.