Улаан буудай, рапс тариалсан 1000 гаруй га талбайн ургацын ихэнхийг хураажээ. Өнгөрсөн хавар бороо эрт орж, үр суулгах үед газар чийглэг, зунжин “бүтээл”-ээ тордсон нь буудайн үр том, болц нь хугацаандаа гүйцэхэд эерэг нөлөөллөө хэмээн тариаланчид олзуурхангуй ярьж байв. Хураасан тариагаа тэд нийлэг материалтай, том дэвсгэр дээр асган, энд тэндгүй овоолжээ. Энэ бол Төв аймгийн Баянцогт сумд үйл ажиллагаа явуулдаг “Түмэн атар” компанийн үтрэм. Ургац хураалт дуусах дөхөж, намрын их ажил өндөрлөж буйтай холбоотойгоор зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сурвалжлахаар дээрх сумд очсон юм. Бага үдийн алдад биднийг очиход ажилчид нуруулдсан тарианыхаа хучлагыг авч, цэвэрлэгээний төхөөрөмжөөс гарсан улаан буудайг том оврын хоёр автомашинд ачиж байв. Нэг автомашинд нь 25 орчим тонныг ачин, гурилын үйлдвэрүүд рүү тээвэрлэж буй аж. Тариа хураалт ерөнхийдөө дуусах дөхсөн ч 60 орчим га-г хадаж амжаагүй учраас хоёр комбайн, хоёр автомашинаар тариан талбайн зүг хөдөлцгөөв. Хадаж дууссан талбайн дунд сүрэл нуруулдан орхисон гэмээр харагдана. Тариа хураахад хаягдал буюу сүрэл нь ийнхүү ялгагдан, комбайн явсан замын голд овоорч үлддэг аж. Ийм сүрлийг хурааж, багцлан малын тэжээл болгон борлуулдаг гэлээ. Уг талбай уулын ээвэр, нам дор газарт байдаг учраас агаарын температур буурсан ч дулаанаа хадгалж, ургацынх нь болц хугацаандаа гүйцдэг гэнэ. Харин тус сумын зарим компанийн тариалангийн талбайн уултай ойрхон хэсэг нь 10-аад хоногийн өмнө орсон цасанд дарагдан, ургац хураах ажил нь хойшилжээ.
“Түмэн атар” компанийнхан газар тариалан эрхлээд таван жил болж буй. Тэдний ажил урагштай байж, талбайгаасаа бүрэн ургац авсаар байгааг ажилчид нь дурдсан. Өдгөө нийт нутгаар төмс, хүнсний ногоогоо хурааж бараг дуусан, улаан буудай хураах ажлын явц 70-80 хувьтай байгаа. Тус компанийнхны хувьд энэ долоо хоногт багтаан будаагаа хурааж дуусгах аж. Өнгөрсөн есдүгээр сарын дунд үеэс эхлүүлсэн тариа хураах их ажлыг 5-6 хүний хүчээр ийнхүү нугалж байна. Орчин үед чадал сайтай, дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг газар тариалангийн салбарт ашиглаж буй учраас ажиллах хүчний тоог хэмнэн, хүний хөдөлмөрийг хөнгөвчилж буй нь энэ. Тиймээс ч 1000 орчим га газарт тарьсан хоёр төрлийн бүтээгдэхүүнийг цөөн хүний хүчээр хураан, талбайгаа тордох боломжтой болсон аж. Эднийх хоёр дахь жилдээ рапс тарьжээ. Уг таримлыг тарьснаар тухайн хэсэгт сэлгээ болж, хөрсний чанарыг сайжруулахад дэм болдог. 80 орчим га талбайд тарьсан рапс нь сайн ургаж, төлөвлөсөн хэмжээгээр ургац авахаар буй гэнэ. Тус компанийн талбайн даамал, менежер, газар тариалангийн салбарт 50 орчим жил ажилласан Б.Баясгалан “Энэ жил цаг агаар таатай байсан нь манай сумд үйл ажиллагаа явуулдаг тариаланч, аж ахуйн нэгж төлөвлөсөн хэмжээгээр ургац авах боломж бүрдүүллээ. Намар оройтож бороо их орсон ч төдийлөн бэрхшээл үүсгэсэнгүй.
Манайх 1000 тонн орчим ургац авахаар төлөвлөснөө биелүүлэх болов уу” гэв. Олон жил уг салбарт хөдөлмөрлөсөн хүний хувьд газар тариалан эрхлэхэд тулгарч буй хамгийн том бэрхшээлийг байгаль, цаг уурын таагүй нөхцөлөөс гадна хүний нөөцийн хомсдол хэмээн тэрбээр тодорхойлов. Мөн “Техник, тоног төхөөрөмжийн “бяр”-аар хүний хөдөлмөрийг хөнгөвчилж буй ч үрлэгээ хийх, талбайгаа бордох, хортон шавжаас сэргийлэх гээд ажил мундахгүй. Тиймээс хүн нэмж хөлслөх хэрэг гардаг. Энэ зун, намарт нэг өдөрт 40-50 мянган төгрөгийн цалинтай ажиллуулах хүн олдсонгүй гэхэд болно. Залуучууд ажил хийж чадахаа байжээ. Хэдхэн цаг талбайд ажиллаад л хөл, гар өвдлөө гээд шантраад явчих юм. Харин малчид бидэнд туслан, цалингаас гадна тэжээл, улаан буудай авах нь бий. Газар тариалангийн салбарын нийтлэг бэрхшээл бол ажиллах хүч” хэмээн онцлов. Нэмж хэлэхэд, энэ зун тус компанийн тариалангийн хэсэг газрын тариа хорчийн, харлаад ургалт нь зогссон гэнэ. Шинжилгээнд дээжийг нь өгч, шаардлагатай бодисыг нь талбайдаа цацсанаар буудайгаа эмчилж чаджээ. Зарим газарт болц нь гүйцээгүй гэлтэй, жижиг хэмжээтэй тариа байсан нь үүнтэй холбоотой юм байна. Царцааны нүүдэл их, хортон шавжийн нөлөөгөөр хөрсний чанар муудаж, тодорхойгүй байдлаар таримлын ургалтыг зогсоож буйг хаана хаанаа анхаарах учиртайг онцлов. Үүнээс гадна тариалангийн бүс нутгийн газрын үржил шим буурч, цөлжилт үүсэж буй талбай нэмэгдэх болсноор үер буух давтамж өсөж байгаа талаар дурдсан юм.
“Тэнгэр хангай ивээн, цаг уурын таатай нөхцөл бий болсон, бид ч чадлынхаа хэрээр хөдөлмөрлөсний хүчинд их ажлынхаа ард гарч, арвин ургац авах нь. Улаан буудайгаа гурилын үйлдвэр болон улсын үрийн нөөцөд ачуулан, борлуулж дуусгана. Хадлангаа авч, талбайгаа цэвэрлэсний дараа тойруулж хашаалсан тороо хураан, мал идээшлэх боломжтой болгосноор энэ жилийн ажил өндөрлөнө” хэмээн ярьсан “Түмэн атар” компанийнхан сэтгэл хангалуун байна.
Манай улсын хэмжээнд энэ жил тариалангийн нийт талбайг өнгөрсөн оныхоос 20 орчим хувиар нэмэгдүүлсэн. Улмаар ургацын хэмжээг ч 2019 оныхоос 30 хүртэлх хувиар өсгөн, улаан буудай, төмсний хэрэгцээгээ бүрэн хангахаар төлөвлөсөн билээ. Одоогоор төмс, хүнсний ногооны 90 гаруй хувийг хураасан бол улаан буудай, тэжээл, тосны ургамал хураах ажлын явц 70-80 хувьтайг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Энэ сарын эхээр ихэнх нутгаар огцом хүйтэрч, цас орсон ч тариалангийн бүсүүдэд ноцтой хохирол учруулах нөхцөл үүсээгүй юм байна. Түүнчлэн ургац хураах ажлыг ирэх долоо хоногт багтаан орон даяар бүрэн дуусгахаар төлөвлөжээ.